Та бүхэн одоогоос яг жилийн өмнө өөртөө зорилго, зорилт тавьсан уу? Тийм бол хэдэн хувь нь биелсэн бэ?
Өнөөдөр мөн 2017 онд юу хийхээ төлөвлөж байна уу? Төлөвлөж байгаа бол танд зорьсондоо хүрэхийг ерөөе.
Харин төлөвлөөгүй бол танд яг одоо бал, цаас аваад төлөвлөхийг зөвлөе. Хүн зорилго, тэмүүлэлтэй, түүндээ хүрэх хүсэл эрмэлзлэлтэй байх нь амжилтын эхлэл болдог.
Ерөнхийлөгчийн сонгуульд хэн ялж, Ардчилсан намын даргаар хэн сонгогдож, МАН сонгуулийн амлалтаа биелүүлэх эсэхээс ч илүүгээр улс орны хөгжилд оруулах бодит нэмэр бол хувь хүний зорилго, төлөвлөгөө, чармайлт юм. Ажилтан бүр үүрэг хариуцлагаа ухамсарлаж, ажилдаа чин сэтгэлээ зориулж ажиллавал бид хөгжилд хүрэх нь зайлшгүй.
Энэ 2017 он эдийн засгийн хувьд тийм ч таатай жил байхгүй. Гэхдээ...
Танай компанийн ажил хэр ашиг орлоготой байх нь жирийн ажилтан танаас шалтгаална. Энэ төрийн ажил хэр урагштай байх нь албан хаагч танаас шалтгаална. Эргээд энэ бүхэн та бидний л амьдралд нөлөөлнө. Бид хамтдаа хичээж чадвал хүндхэн жилүүдийг ардаа орхих цаг ирэх л болно.
Тавантолгой, Оюутолгой, тэр нам энэ нам, тэр хүүхэн энэ залуу... Нийгмийн сүлжээн дэх цуурай бүхнийг бүү давт, түүнд анхаарлаа бүү хандуул. Бусдад ашигтай танд ашиггүй атлаа таны эргэж олдохгүй алтан цагийг үрэх бүхнийг алгас. Ажилдаа шамдаж, амжилтын төлөө тэмүүл. Өөрийгөө хөгжүүл.
Бидний өмнө 365 хоног буюу 52 долоо хоног байна. Үүний 104 нь бямба, ням гарагийн амралтын өдрүүд гэж үзвэл 261 хоног үлдэнэ. Үүнээс баярын өдрүүд болон өөрийн ээлжийн амралтаа тооцоод хасаарай. Ингээд үлдсэн цөөхөн хоногийнхоо өдрийн найман цагийг үр бүтээлтэй өнгөрөөхийг та бүхнээс хүсье. Учир нь тэр өдрүүд танд дахиж хэзээ ч олдохгүй бөгөөд цаг хугацаа нисэх мэт хурдан.
Энэ жил танд эрүүл мэнд, аз жаргалтай байж, зорьсноо бүтээж, төлөвлөснөө гүйцээхийг ерөөе.
Сэтгэгдэл (1)