Хүчтэний өлгий Архангай аймгийн бөхийн дэвжээ үүсэн байгуулагдсаны 20 жилийн ой, Архангай аймгийн улсын цолтой бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх барилдаан энэ сарын 25-ны өдөр МБӨ-нд болох гэж байна.
Луу гүний алдарт Галсанхүүгийн Вандан аварга, Даян аварга Буур хэмээх Нацагийн Жамъян, Цэдэндоржийн Чимэд-Очир, Дархан аварга Гэлэгжамцын Өсөхбаяр, улсын залуу аварга Чимэдрэгзэнгийн Санжаадамба нарын таван аваргаар манлайлуулсан Арын сайхан хангай нутгийн хүчтэнүүд Монгол бөхийн дэвжээнд цаг цагт тэргүүлж, Монгол бөхийн өнгийг тодорхойлсоор ирсэн түүхтэй.
Өдгөөгөөс 20 жилийн тэртээ 1996 онд улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ тэргүүтэй Архангай аймгийн бөхчүүдийн санаачлагаар “Бөх-Эрдэнэ” хэмээх дэвжээг анхлан байгуулсан нь Монгол улсын хэмжээнд бөхийн дэвжээ үүсэн бий болох үндэс суурийг тавьсан байдаг юм.
Энэхүү сайхан бөхийн дэвжээний үүсэл суурин дээр 2006 онд Архангай аймгийн хэсэг залуус хамтран Бөхбилэгт дэвжээг байгуулан ажилласан бөгөөд өнөөдөр аварга, арслан, гарьд цолтон магнайлсан олон хүчит бөхчүүдтэй, нэгдсэн зохион байгуулалттай, тогтмол үйл ажиллагаатай, хүмүүсийн сайн мэддэг бөхийн дэвжээ болон өргөжсөн билээ.
Архангай аймаг нь нийт 125 улсын цолтонтой бөгөөд үүнийг тодруулбал 5 аварга, 14 арслан, 1 гарьд, 34 заан, 7 харцага, 64 начин цолтон энэ нутгаас төрөн гарчээ.
Улсын цолтой бөхийн тоогоор удаалдаг Булган аймаг 60 шахам улсын цолтой бөхтэй байгааг харахад Архангай аймаг бол бусад аймгуудаас улсын цолтой бөхийн тоогоороо хол тасархай түрүүлсэн хүчтэний өлгий нутаг гэдгийг гэрчлэх тод баримт юм.
Мөн Архангай аймаг төрийн наадмын 16 түрүү авсан амжилтаар бусад аймгаа тэргүүлж байгаа төдийгүй Ардын хувьсгалын 95 жилийн түүхэнд 5 удаа Архангай аймгийн хоёр бөх түрүү булаалдсан түүхэн амжилтыг бичсэн байдаг. Тэр дундаа нэг сумын хоёр бөх төрийн наадмын түрүү булаалдсан ховор амжилт мөн л энэ нутгийнх.
Одоо Бөхбилэгт дэвжээний тэргүүнээр Монгол улсын сайд Ж.Мөнхбат, тэргүүн дэдээр ХХАЯ-ны сайд асан Ж.Бадамжунай, дэд тэргүүнээр Дархан аварга Г.Өсөхбаяр, гүйцэтгэх захирлаар Н.Алтаншагай, ахлах дасгалжуулагчаар улсын гарьд Д.Рагчаа, дасгалжуулагчаар улсын начин Ч.Ганзориг нар ажиллаж байгаа бөгөөд улс, аймаг, сумын цолтой болон залуу 100 орчим бөх бэлтгэл сургуульд хамрагдаж байна.
Хүчтэний өлгий Архангай аймгийн бөхийн дэвжээ үүсэн байгуулагдсаны 20 жилийн ой, Архангай аймгийн улсын цолтой бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх энэхүү барилдаанд улсын аварга Г.Эрхэмбаяр, Ч.Санжаадамба, С.Мөнхбат, улсын арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, Р.Пүрэвдагва тэргүүтэй энэ цагийн шилдэг хүчтэнүүд магнайлан зодоглох энэхүү барилдаан нь бай шагнал өндөр бөгөөд түрүү бөх 5 сая төгрөг гардах бол үзэгчдийн дундаас 3 азтан тодрох юм.