Нэгэн хэвийн, уйтгартай, давтагдмал амьдралын сэдвээс татгалзаж, цоо шинэ эрэл хайгуул хийсэн “Өвлийн тууж” киноны нээлт энэ сарын 15-нд болох нь ээ.
Уг киноны зохиолыг нэрт зохиолч Ч.Лодойдамба агсны ач охин Б.Буяндэлгэр бичжээ. Кино сонирхогчид түүнийг “Өнөөдөр”, “Зургаа дахь хүсэл” зэрэг киногоор нь эчнээ таньдаг болсон биз ээ. “Өвлийн тууж”-ийн найруулагчаар түүний хань Б.Тулгаа ажилласан бөгөөд монголчуудын хувьд цоо шинэ сэдвийг сонгон авч, хэний ч төсөөлөөгүй өөр түүхийн талаар өгүүлж байгаа гэдгээ онцоллоо.
Киноны гол дүрд Батмэнд, Э.Мөнхтөр, Б.Эрдэнэчимэг, Б.Хулан нар тоглосон бөгөөд тэд ч мөн өмнө нь бүтээж байсанаасаа огт өөр дүрүүдийг бүтээжээ.
Зохиолч Б.Буяндэлгэр:
-Би дүр бүрээ өөрийн гэсэн давтагдашгүй ертөнцтэй байгаасай гэж хүсдэг. Магадгүй, энэ ч утгаараа “Өвлийн тууж”-ийн дүрүүд дотор сайн ч хүн байхгүй, муу ч хүн байхгүй.
Найруулагч Б.Тулгаа:
-Киноны маань агуулга ч, дүрүүд маань ч, үйл явдал нь ч таавар байгаасай. Тэр тааврын хариуг үзэгчид өөр өөрийнхөөрөө олох биз ээ.
Жүжигчин Б.Эрдэнэчимэг:
-“Өвлийн тууж” их хүнд сэдэв хөндсөн боловч үзүүлэх гэсэн зүйл, хэлэх гэсэн санаагаа үзэгчдийн тархинд дарамт үүсгэлгүйгээр илэрхийлж чадсан кино болсон гэж бодож байна.
Жүжигчин Б.Батмэнд:
-Зохиолч, найруулагч хоёр маань “Энэ дүрийг танд зориулж бичлээ” гэхэд надад асар том хариуцлага хүлээлгэж байгаа юм байна даа гэж бодсон.
Жүжигчин Э.Мөнхтөр:
-“Гэмгүй царайны минь цаана гэмээ нуусан” дүрийг хэн нэгэн найруулагч надад санал болгоосой гэж хүсэж байлаа. Намайг энэ хүсэлдээ ид шатаж явах үед найруулагч Б.Тулгаа хүссэн дүрийг минь өгсөн.
Жүжигчин Б.Хулан:
-Найруулагчид намайг ямар ч атаа хорсол тээгээгүй, гэмгүй цайлган дүрээр л хардаг. Харин “Өвлийн тууж”-ийн уран бүтээлчид надад огт өөр өнцөг өгсөнд баяртай байна. Найруулагчийн өгсөн тэр өнцөгийг өөртөө нааж чадсан эсэхээ энэ сарын 15-нд үзэгчидтэйгээ хамт үзнэ бас шүүнэ.
Сэтгэгдэл (2)