Монгол Улсын Филармонийн гоцлол дуучин СТА Н.Наранбаатарын шинээр гаргасан “Миний захидал” цомгийн албан ёсны нээлт энэ сарын 9-нд HIFI records-д болно.
Тэрбээр хэлэхдээ, “Уран бүтээлээрээ хүмүүжүүлэх, сэтгэлийн цэнгэл бэлэглэх зэрэг үүргийг хүмүүст хүргэх зорилготой. Үүнээс гадна амьд харилцааг эрхэмлэхийг уриалдаг. Орчин үед хүмүүс интернэт, цахим ертөнцөд хэт автаж, цаасан буюу захидлаар харилцах харилцаа багассан учраас цомгоо ийнхүү нэрлэсэн” гэв.
Тус цомогт Монголын хуучны уянгалаг, хит дууг жазз хэмнэлд оруулсан дуунууд болон дэлхий нийтэд хүртээл болсон жазз дуунууд багтсанаараа онцлогтой.
Цомгийг Европын дуу хөгжмийн стандартад нийцүүлэн дуугаралт, эдэлгээ чанарын өндөр түвшинд Герман улсад хэвлүүлсэн бөгөөд продюссерээр Мартин Зенкер ажиллажээ.
Цомгийн баярт хамгийн түрүүнд ирсэн 10 хүнд тэрбээр гарын үсгээ зуран, цомгоо үнэгүй дурсгах аж. Мөн сэтгэлийн үгээ шингээж захиа бичсэн хүмүүсээс шилдэг 10 захиаг шалгаруулан, тэдэнд цомгийн нээлтийн үдэш "Artystry" ресторанд болох хүлээн авалтад оролцох эрхийн бичиг гардуулах аж.
Эх сурвалж: montsame.mn