Олон Улсын Жүдо бөхийн холбооний энэ оны сүүлийн тэмцээн болох Токиогийн “Их дуулга” өнөөдөр эхэлнэ. Тус тэмцээнд нийт 46 орны эрэгтэй 193, эмэгтэй 144, нийт 337 жүдоч оролцохоор мэдүүлгээ ирүүлсэн бөгөөд манай улсын 13 жүдоч өрсөлдөх юм. Тэмцээн Японы Токио хотын Метродолитан гимназиум ордонд энэ сарын 2-4-ний хооронд зохиогдоно.
Энэхүү тэмцээнд олимп болон ДАШТ-ээс медаль хүртсэн тамирчид урилгаар оролцдог бөгөөд энэ жил МУ-ын гавьяат тамирчин Д.Сумьяа оролцох юм. Мөн "Рио-2016" олимпод медальт байр эзэлсэн тамирчдаас Г.Отгонцэцэг, Ан Баул, Дирк ван Тичелт, Гвак Дон-Хан, Сирилл Марет нарын тамирчин барилдана.
Токиогийн "Их дуулга"-д эрэгтэй тамирчидаас 60 кг жинд Д.Амартүвшин /Монгол Улсын гавьяат тамирчин, ДАШТ-ий мөнгөн медальт/, Г.Болдбаатар /Монгол Улсын гавьяат тамирчин, Дэлхийн аварга, багийн ДАШТ-ий хүрэл медальт/, 66 кг жинд Д.Алтансүх /ОУХМ, Азийн аварга/, А.Батсуурь /ОУХМ, 2016 оны улсын аварга/, Г.Хэрлэн /ОУХМ, 2015 оны улсын аварга, "Женко" клубийн тамирчин, 73 кг жинд Батцэцэгийн Батгэрэл /ОУХМ 2016 оны УАШТ-ий мөнгөн медальт, Улаанбаатар Гран При -2016 тэмцээний мөнгөн медальт/, Б.Баяндүүрэн /Фүкүй дээд сургууль/, 81 кг жинд Нямсүрэнгийн Дагвасүрэн /ОУХМ, Азийн аварга, багийн ДАШТ-ий хүрэл медальт/, -100 кг жинд Дашдуламын Ишдорж /"Улаанбаатар Гран При-2016" тэмцээний мөнгөн медальт/ О. Хангал нар барилдах юм.
Харин эмэгтэй тамирчидаас 48 кг жинд М.Уранцэцэг /Монгол Улсын гавьяат тамирчин, "Рио-2013" ДАШТ-ий алтан медальт, Багийн ДАШТ-ий мөнгөн медальт/, 57 кг жинд Д.Сумъяа /Монгол Улсын гавьяат тамирчин, "Хилчин" спорт хорооны тамирчин, "Рио-2016" олимпийн наадмын мөнгө, "Астана-2015" ДАШТ-ий хүрэл медальт, Багийн ДАШТ-ий мөнгөн медальт, Универсиад наадмын аварга/, 63 кг жинд М.Даваасүрэн /ОУХМ, "Улаанбаатар Гран При-2016" тэмцээний хүрэл медальт, Боржин төв дэвжээний тамирчин/, 70 кг жинд М.Баяртуул /ОУХМ, УАШТ-ий мөнгөн медальтай, Боржин төв дэвжээний тамирчин/ нар өрсөлдөх юм.