"650", "3:30", "Ерөнхийлөгчийн туслах", "Бид гурвын болзоо" зэрэг кинонуудын зохиолч, найруулагчаар, "Аав", "Одод болохын хүслэн" кинонуудын зохиолчоор ажиллаж: чамгүй сайн уран бүтээлч гэдгээ батлан харуулж, олны танил болсон авъяаслаг уран бүтээлч М.Энхдалай нэгэн шинэхэн бүтээлээрээ үзэгчиддээ бэлэг барилаа.
Түүний зохиолыг нь бичиж, найруулсан "Хоёр гүүрний цаана" хэмээх драм төрлийн инээдмийн кино энэ сарын 25-наас эхлэн үзэгчдийн хүртээл болжээ. Тус киног TJ энтертайнменттай хамтран бүтээсэн бөгөөд гол дүрүүдэд МУГЖ Д.Гүрсэд, МУСТА Б.Баатархүү, реппер Н.Цэцэнбилэг, шинэ залуу жүжигчин А.Хандмаа нар тоглосон байна.
Үзэгчдэд инээд хөөр, ухаарал хайрлах энэхүү уран бүтээлийн дараа найруулагч М.Энхдалай "Киногоо нээгээд үзэгчдийнхээ дунд суугаад үзнэ гэдэг бол хамгийн сайхан мэдрэмж байдаг. Хамтран ажилласан бүх уран бүтээлчиддээ маш их баярлалаа" гээд энэхүү киног үзсэнээрээ маш сайхан гэгээлэг мэдрэмжийг аваад гарах болно гэдгийг онцоллоо. Мөн "Манай кино насны хязгааргүй учраас хүн бүр үзэх боломжтой. Тиймээс та бүхэн гэр бүлээрээ ирж үзээрэй" хэмээн уриалаад аливаа уран бүтээлийн хамгийн шударга шүүгч нь үзэгчид байдаг учраас киноны талаарх санал сэтгэгдлээ хуваалцахыг хүссэн хүн бүр "Хоёр гүүрний цаана" киноны фэйсбүүк хуудасруу явуулах боломжтой гэдгийг хэллээ.