МЗЭ-ээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг оны шилдэг өгүүллэг шалгаруулах “Утгын чимэг” наадам өчигдөр Д.Нацагдоржийн нэрэмжит номын санд болсон билээ. Энэ жилийн “Утгын чимэг” богино өгүүллэгийн наадамд Балсангийн Лхагвасүрэнгийн “Яргуй нүдлэх цагаар” өгүүллэг тэргүүлж, Баттөрийн Мягмаржавын “Хөххүү”, Пүрэвхүүгийн Батхуягийн “Зэрлэг зөрлөг” өгүүллэгүүд удаалсан юм. Ингээд та бүхэндээ тэргүүн бүтээл болох Балсангийн Лхагвасүрэнгийн “Яргуй нүдлэх цагаар” өгүүллэгийг толилуулж байна.
Мөр өвгөнийх өвөлжөөнөөсөө нүүлээ. Сайхан хөх ямаад нь үүр цүүрээр тургилан хөлнөөс хөглөрсөн хөх бууцаа орхин, хөх гол нь бургилан урсдаг хөх уулс нь тэнгэрийн өехийд тулан ихэмсэгхэн дуниарах хангайгаа зорьлоо. Нар дээр мандсан хойно Мөр өвгөнийх энд байгаагүй юм шиг алга болсныг мэдэж багагүй сандарсан хүн бол Дамба даргынх гэх эх адаггүй хөглөрсөн айлын тарган шар авгай.
“Залуу хүн гэхэд дандаа нөмгөн явж байх… Айлд нөмгөн орох муу л гэдэг, тэгээд өглөө босох дургүйг нь яав аа”. Мөр өвгөн ингэж дургүйцэнгүй байдаг ч “Олон нялх нойтон хүүхэдтэй ядарсан бүсгүй амьтан…Миний хоёр охиноос ялгаа юу байхав. Бүсгүй хүн ном эрдэм, ажил төрөл муутай байна гэдэг мөн ч тусгүй ээ. Тэгээд энэ хань ижил шүү юм нь Дамба байж таардаг нь ч юув. Дарга ховордсон цагийн дарга даа зайлуул. Багийн дарга гээд л айл хэсэж аяга тагш юм эргүүлэхээс өөр ямар ажил энэ хүнд байна аа. Өөрийнхсөн юм бол ганц сайн ороолгоод авах юмсан. Дарга нэр зүүгээд самбаганаж явахын оронд хэдэн хүүхэд, орон гэр, эхнэр хүүхдээ өөд нь татдаг болоосой” гэж халаглан, хайрлан бодох нь ч бий.
Дамба даргын эхнэр тарган шар авгай сурсан зангаараа тарагны хөрөнгө авах санаатай аминдаа л эрт босоод Мөр өвгөнөөс эмээн хоёр гурав залгасан хүүхдийнхээ өлгийний бүсээр цулцгар харвингаа ороосон болоод хойд хамар дээрээ аахилан гартал өвөлжөө бууц нь цэмбийгээд өөрийнх нь саяхан боссон ор дэрнээс ч цэвэрхэн харагдаж байлаа.
“Хм…Мөр гуайнх хачин айл шүү. Нүүлээ, энээ тэрээ гэж хэлж болно оо доо. Саахалт улс байна даа. Тэгээд ч хаврын хаварт тарагны хөрөнгө залдагийг ямар мэдэхгүй биш…
Одоо ч мөд тараг бүрэхээ өнгөрөв байна. Уул нь мал жилбэтэй тараг байтугай л элбэг байхаар байна санж” гэж бодмоглон гэртээ орвол Дамба дарга гуай хиртэй шар бүсээ хайн хэдэн хүүхдийнхээ ор дэрийг хөглөрүүлж байлаа.
-Чи чинь унтаж унтаж босоод цай цүй ч уусан юмгүй хаачих нь вэ. Ганц удаа ч болов хурга ишиг тавилцаад өгдөг болоосой. Жаахан жаахан саагаад тавихгүй бол цаадуул чинь сүдээд бараг сүүгээр чацга алдаж байна.
-Чи дуугүй бол гэм…Хэдэн хурга ишгээ яахыгаа өөрөө мэд. Мөр гуайнхыг ачаалалцаж өгөхгүй бол оройтох нь…Алив, чи бүс олоод өгөөч. Багийн хурлын зар тараах гэж бас нэг том ажил байна цаана чинь…
Ийм нэг яриа хөөрөө Дамба даргынд өрнөж байхад Мөр гуайн нүүдэл газрынхаа талд ороод хэдэн хөх ямаа нь нүүдэл хөсгөө дагаж биш дагуулж явлаа.
Мөр гуай ганц жаргаж явлаа. “Сайхан амьтад даа, миний хэдэн хөх золигнууд. Та нарыгаа яргуйнд цатгахгүй юм бол Мөр Мөр биш болог” гэж бардам давилуун бодож явахад хөгшин нь аанай л хоёр охиноо эгээ дэргэд нь байгаа адил өхөөрдөн энхрийлж явлаа.
“Зусландаа буунаа гэдэг охид минь ирлээ л гэсэн үг дээ. Олон л жил сурлаа, яасан ч дуусдаггүй эрдэм ном юм. За тэгээд дууслаа гэхэд ус нутагтаа ирэхгүй л гэлцэх юм. Энэ өвгөн л их юм мэдэж байдгаараа миний хоёр охины мэргэжил энэ суманд байтугай аймгийн төв дээр ч байхгүй гэх шив. Мөдхөн охидоо сургууль номоо дүүргэхээр нь хот орноо гээд иш мухаргүй зүтгэх вий дээ. Санаагаар болдог бол нутаг орондоо ирвэл аштай юу даа. За даа, тэгээд Мөрийнх гэдэг айлын явдал суудал ажил төрлийг би ч, өвгөн ч биш энэ хэдэн хөх ямаа л мэддэг болоо шив. Эд хаашаа зүглэнэ. Манайх тийшээ. Хүн өтөлнө гэдэг хачин юм. Малд хүртэл мэдүүлээд… Өнөө муу Дамбынд тарагны хөрөнгө өгч амжилгүй үүр цүүрээр хөдөлсөн нь эдний л аяг аашийг дагаад тэр.
Энэ хэдэн цадиггүй хөх ямаа яргуйнд цадах нь Дамбын хэдэн халтар хүүхэд тараг идэхээс илүү болтой”.
Мөр гуай хөгшинөө ажиглангуй…
“Зайлуул хоёр охиноо л бодож яваа даа. Зусландаа буугаад хэд хоног хот явуулна байгаа. Охид маань зун ирээ ч үү, үгүй ч үү. Зав зай гэж байх биш. Ээж нь очвол гэр орон нь нүүгээд очсоноос ялгаа юун билээ. Би яахав. Энэ хэдэн хөх золиг байхад хамаг л ажил ундраад байх нь тэр” гэж бахтайхан бодоод хэдэн сөрөвгөр сахлаа хөдөлгөн мишилзэх нь их л сэтгэл хангалуун байгаагийнх.
Ямаандаа мэдүүлсэн ч юм шиг, яргуй нүдлэх урин цагийг дагуулсан ч юм шиг ийм нэгэн нүүдэл хангайгаа өгсөж явахад Дамба дарга хойд хамар дээрээ гараад өвгөний эзгүй өвөлжөөг халшран харж дэмий л шилэн хүзүүгээ гэмшингүй илж зогсоог тарган шар авгай нь хотон дотроосоо доогтойхон харж, “ачаалалцах айл чинь байгаа л биз дээ…Дамба дарга гуай” гэж доогтойхон бодонгоо “ёстой л нүүж баймаар өдөрсанж. Хэзээ нэг Мөр гуайнх шиг хүүхдүүд томроод санаж бодох юмгүй сайхан айл болж налайх юм бол доо” гэж санаашран сааг…сааг…сүүг…сүүг…гэн асгарах сүүний чимээгээр сэтгэлээ сүлэн тулман хөхтэй халтар ямааныхаа халуун хондлойд нүүрээ наалаа.
Дамба дарга их л ундууцангуй эхнэрийнхээ хажуугаар өтөг бургиулан өнгөрч үг дуу ч үгүй мордоод арилж өглөө.
Яргуй нүдлэх цагийн урь орсон амгалан хөх өдрийн наран дэргэд юм шиг ээж Дамба даргын хэдэн бор хүүхэд хотон дотроо хурга ишигээ ноолон хөглөрнө.
Энэ өдрөөс хойш бараг хагас сар болж ээ.
Мөр өвгөн өдөр бүр сэрвийсэн хөх цохионы хэцээс Дамба даргын зуслан өөд дурандаж дэмий л толгой сэгсэрнэ. Санахын аргагүй холоос усны шувууд хүртэл ирээд үүр саваа засчихаад байхад… Мал хуйгаа боддоггүй юмаа гэхэд нялх нойтон хүүхэдтэй бүсгүй амьныг бодож болмоор доо… Мод толгойных нь хөх утаа тийм гэх шиг суунаглана.
Хариугүй борооших янзтай хөх үүрээр Дамба даргын гадаа тэрэгний хөллөгөө буулгах чимээнээр тарган шар эхнэр нойроо харамлан сэрж ядаад,
-Хэн бэ… Дамба уу… Яв чи цаашаа, тэр чигээрээ яв. Битгий ирээрэй, би эндээ хэдэн хүүхэдтэйгээ хөх өтгөн дотор шигдээд зусая яадгийн. Хүн амьтан намайг биш чамайг л муу хэлнэ биз гэж үглээд чимээ хүлээтэл дуу гарсангүй. Харин өрхийг нь цэлийтэл хуулаад гэрийн бүс шурдхийн тайлах сонсогдлоо. “Энэ чинь айл хунар хэсэж яваад солиорчихоогүй байлтай” гээд мөн л урд хормойгоо өшиглөн нөмгөн гарвал Мөр өвгөн хөмсөгөө өргөн сүрдэм ширвээд туурганы уяа тайлангаа
-Юугаа хийгээд дэмий зогсоод байгаа хүн бэ чи?! Орж тогоо шанагаа янзал. Хүүхдүүдээ хувцасла гэм…гэжээ.
Ачааллаад дуусах алдад Дамба дарга сүнс сүлдгүй болсон амьтан айлын хотны захад чөдөрлөж орхисоор байгаад турж эцсэн хөгшин морио давиран сажлангаа “За байз үүцээ задлаад сайхан өөхтэй хавирга чанаж байхаа өнөөх минь юу л мэдээ аж” гэж бодмоглон урд гүвээн дээрээ гартал яах аргагүй гэр бараа нь ачаалаад хөдлөх янзтай.
Үгүй ерөө, энэ муу эхнэр чинь бүр задрах нь ээ, эзгүй хойгуур гэр бараагаа сандаагаад, юун нүүж суух манатай, улс нийгмийн ажлын араас явсаар ядарч үхэх гэж байхад мунхаг амьтан ч болдоо гэсээр омог ихтэй давхиж ирээд Мөр өвгөнийг харан хий нь гарсан гүзээ шиг шалчийн толгойгоо илэн мориноосоо буулаа. Мөр өвгөн үг дуу ч үгүй чөдрөөр ар нуруун дундуур нь гөвшиж өгөөд түүчээ тэрэгний хайнагны чөрхийг өөдөөс нь шидлээ.
Дамба дарга ачаагаа хөтлөн Мөр өвгөний аль хэдүйн тоосруулан тууж одсон малынхаа араас “Очихгүй гээд яалтай” гэсэн шиг халшран алхаж явахад эхнэр нь эгээ л зөгий дүнгэнэх адил яршигтайгаар ар өвөрт нь үглэн бас нэг муу хардмар аядан бага хүүгээ бүр нэг сурцтай аргагүй алхаан дундаа хөхүүлж явлаа.
Түүчээ хайнаг үе үе чөрхөө чангаан арагш суух нь “тэнэж тэнэж ирчихээд өнгөрсөн хойно юундаа яараав дээ, Дамба дарга минь гэх шиг, замын хажуугаар үй зайгүй дэлгэрсэн хөх яргуй дөрөөний суранд элэгдэж түрий нь эргэсэн муу банхар гутлыг нь шоолон инээх шиг ч алив бүхнээс жийрхэн халширч явахдаа “Хм,Төр улс нь төрхөө алдсан цагийн дарга ч бол доо, ядарсан чавганц ч чамаас арай дөнгүүрсэн” гэх Мөр өвгөний үг чихнээс нь салахгүй нургиж нүүр нь халуу оргиход ичиж нэрлэхсэндээ ойрд бараа нь харагдаагүй эзэндээ эрхлэх аядан урд хойно нь орон бөөвөгнөн гүйх хөгшин нохойгоо “Жов, жов гэм” хэмээн сүр бараа далайлган хөөх дуунаар үглэж гомдоллосоор нэгэнт залхаж байсан эхнэр нь ч бас алхаа сааж сүүлчийн тэргэн дээр эвлэгхэн зассан хашлаганд үүр ноохойндоо эрхлэх гөлөгнүүд шиг шомбойлдон байх хэдэн хүүхдээ бараадан алхлаа.
Хаврын цэнхэр зэрэглээнд хучуулан үлдэх говийн бор уулсаас алхам алхамаар алсарч их нүүдлийн сүүлчийг мушгин хөдөлсөн ийм нэгэн нүүдэл Дамба даргын ухааны үүдийг нээж хөдөлсөн юм болов уу.
Бүсээ засаж бүслээд дориун дуугаар хөөг хөөг хэмээн залхуутайхан алхах нүүдэл хөсөгт хүч нэмээд тооно даруулсан уяаг ягштал чангаллаа.
Тэгээд эхнэрээ дуудан морио өгч ачаа хөсгөө хөтлүүлээд сүү үнэрсэн сөөвгөрхөн хүүгээ гар тосон авч өвөртөө хийн өхөөрдөн үнэрлэх зуур “Миний хүүхдүүдээ, томоотой суугаарай, хашлага даваад унав” хэмээн овоо нэг эцэг хүн шиг зоримог чанга алхав.
Балсангийн ЛХАГВАСҮРЭН