Дооёо, Зулаа хоёрт хүсэл, тэмүүлэл байсан... Энэ үгийг жүжигчин А.Мөнгөнзул хэлсэн юм. Учир нь “Доз плас” энтертайнментын “Элэг нэгтэн” кино Мумбайн кино наадмын эхний долоод үлдэж чадсаны дараа тэрбээр ийн дуу алдсан. Зулаа энэ талаар “Дооёо, Зулаа хоёрт хүсэл тэмүүлэл байсан... Бидний хийсэн "Элэг нэгтэн" уран сайхны кино Мумбайн олон улсын наадамд эхний долоод үлджээ. Нийт 45 улс орны 503 киноноос...12 дугаар сард сүүлийн үр дүн гарна. Тэвчиж гаргасан бүхнээрээ эргээд бахархах цаг ирнэ гэдэгт итгэж байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн юм.
Болливудын кино үйлдвэрлэлийн төв гэдгээрээ алдартай дэлхийд хүн ам, хөгжлөөрөө томоохон хотуудын жагсаалтын хоёрт ордог Мумбай хотын оло улсын кино наадамд гадны томоохон уран бүтээлчид анхаарал хандуулан шилдэг бүтээлүүдээрээ өрсөлддөг. Энэ удаагийн NMIFF олон улсын кино наадамд дэлхийн 48 орноос нийт 503 кино уран бүтээлүүд өрсөлдөж байгаа бөгөөд тун удахгүй Монголын уран бүтээлчид улаан хивснээ алхах гэж байгаа энэ үед Зулаа ийн дуу алдах нь ч аргагүй. “Элэг нэгтэн” киноны хувьд гадны дөрөв дэх кино наадамдаа оролцож байгааг дурдах нь зүйтэй биз ээ.
Урлагийн салбараас нэгнээ олж, кино урлагт хүч түрэх болсон гэр бүл гэвэл “ДОЗ плас” энтертайнментын захирал Ш.Доржсүрэн, жүжигчин А.Мөнгөнзул нарыг яахын аргагүй онцолдог болоод багагүй хугацаа өнгөрсөн. Тэдний хувьд нөхөр Ш.Доржсүрэн буюу Дооёо нь киноныхоо найруулагчийг хийдэг бол эхнэр А.Мөнгөнзул буюу Зулаа гол дүр бүтээдэг. Өнгөрсөн хугацаанд тэд "Дурласны маргааш", “Хөх толбот хүмүүс”, “Дүүлэн нис”, “Амьдрах тасалбар”, "Элэг нэгтэн" зэрэг киног үзэгчдэдээ хүргээд байгаа. Тус энтертайнментынхан өмнө нь “Хөх толбот хүмүүс” уран сайхны киноныхоо зураг авалтын ихэнхийг Францад хийж байсан бол “Кино шиг амьдрал” нэртэй инээдмийн киноны зураг авалтаа Вьетнамд хийсэн гээд уран бүтээлийн хувьд үргэлж шинийг илэрхийлсээр ирсэн.
Ингэхдээ найруулагч, зохиолчоор Ш.Доржсүрэн ажилладаг бол А.Мөнгөнзул жүжигчнээр ажиллахын зэрэгцээ сүүлийн үед продюсерийн ажлыг давхар хийх болсон нь энэ гэр бүлийн онцлог. Тэгвэл кино урлагийн салбарт гэр бүлээрээ зүтгэж яваа хос өнгөрсөн жилээс том хүүгээ ч бас кино урлагт “уруу татаад” амжсан юм. Зулаагийн тодорхойлсноор урлагаар вирустсэн тэдний том хүү Д.Эрдэнэбулган хоёр ч киноны ард гарч, чадварлаг уран бүтээлч болохоо үзэгчдэд батлан харуулахаар зорьж явна.
Уран бүтээлч гэр бүл байхын сайхан талыг Дооёо нэгэнтээ “Ер нь бие биедээ нэмэртэй. Ялангуяа хоёулаа нэг зүйлийн төлөө тэмүүлнэ гэдэг сайхан. Нэг нь бичиж байхад, нөгөөдөх нь унших ч зэргээр хамтран ажиллахад урамтай. Уран бүтээл дээр гэр бүлийн харьцаа гаргаад байвал ажил явдаггүй. Цуг ажиллана гэдэг бие биедээ тал засахаас шал ондоо асуудал. Бидний хувьд хаана яаж харьцах вэ гэдгээ ярьдаггүй. Бие биенийгээ бүрэн ойлгоод бүгдийг ухамсарлачихсан байгаа” гэсэн бол Зулаа “Хоёулаа уран бүтээлч гэдэг утгаараа бие биенийгээ ойлгодог” хэмээсэн байдаг юм.
“Тооно хоёр баганатай байж л тогтдог. Гэхдээ бас урт богино байвал утгагүй биз дээ. Тийм учраас бие биенийхээ дутууг нөхөж алдаа оноогоо тэнцүүлж явах учиртай юм. Хүний амьдрал тэр чигтээ л сэтгэл байдаг. Нөгөө талаар эхнэр нөхөр болно гэдэг маань маш их хариуцлагын асуудал. Гэр бүл зохионо гэдэг айл гэр болж тоглоно гэсэн үг. Олон жил амьдарсан хүмүүс хоорондоо их адилхан болдог юм байна. Бид хоёр одоо бараг нэг хүн болсон” амьдралаа бахархдаг урлагийн хосод үүнээс ч илүүг хийх хүсэл, тэмүүлэл байгаа биз ээ. Кино урлагийн үлгэр жишээ гэгддэг гэр бүлээ цаашид олон уран бүтээлээр үзэгчдэдээ бэлэг барихыг хүсье. Тэдэнд тэвчиж гаргасан бүхнээрээ эргээд бахархах цаг удахгүй ирэх биз ээ.
Сэтгэгдэл (1)