"Харц хатан" дуулалт жүжгийн нээлт өнөөдөр УДЭТ-ын тайзнаа болно. УДЭТ-ын уран бүтээлчид Төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Бирваагийн мэндэлсний 100 жилийн ойд зориулан “Харц хатан” жүжгийг тоглохоор болсон байна.
Дуулалт жүжгийн цомнолыг Төрийн соёрхолт, яруу найрагч Д.Төрбат бичиж, ерөнхий найруулагчаар Б.Мөнхдорж, хөгжмийн найруулагчаар урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Мөнхболд нар ажиллаж байгаа аж. Жүжгийн гол дүр болох Сэржмядагт жүжигчин Б.Эрдэнэцэцэг, гавьяат жүжигчин Ж.Оюундарь, Чагдаржавд Ц.Цэрэнболд, Д.Баттөмөр нар тоглох юм байна.
Тус дуурийг 1860–аад оны үед Түшээт хан аймгийн Говь-Түшээ гүний хошуу одоогийн Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд болж өнгөрсөн бодит үйл явдлаас сэдэвлэн бичсэн гэдэг. Жүжигт түшээ гүн Гаадин түүний хүү залуу ноёнтон Чагдаржав, харц тарвагачны охин Сэржмядаг нарын түүхийг өгүүлдэг байна.