Үүрээр бичсэн шүлгийн
Үнэр нь ямар байдаг юм бэ ?
Үнэнээр хэлхсэн үгсийн
Өнгө нь ямар байдаг юм бэ ?
Дуутай шуутай олны
Дуг нойрон дундуур
Дурлал хардлага хоёрын
Дуу нийлэх газраар Тархи дүүрэн шүлэгтэй
Танхай хархүү яваагүй
Зүрх дүүрэн дурлалтай
Зүдүү шүлэгч явлаа.
Зуны дунд сарын
Арван гурваны саран
Зууван улаан мөнгө шиг
Алсын хэц дээр тонгойж
Жаваргүй өглөөний үүр
Жаран мөнгөний сүү шиг
Баахан цонхигор цагаан
Бараг хойноос оньтоно.
Бүрэг бараг өрөөндөө
Бүсгүй хонгор нойрсон
Бүтэн мөчийн үнсэлтийг минь
Бүүр түүрхэн ухаарна.
Цав цагаан дэрэн дээр
Задарч унасан гэзэг нь
Цаасны энгээр дүүрэн
Бэх асгасан шиг харлана.
Хар бэх шиг гэзгэн дунд
Хасын царай туяарна.
Амраг хүний явдал
Амттай болоод хүндхэн.
Тэмтэрч өмссөн хувцасны
Тэлээ товч нь бултана.
Тэдний хаалга дуутай
Тэнд эндгүй цуурайлна.
Байшин бүрийн цонх
Бараан нүд шиг ширтэж
Анир авав уу гэмээр
Алсад нохой хуцна.
Ахан дүүс минь унтацгаа !
Амар тайван нойрсоцгоо !
Амраг хоёрыг зовоолгүй
Амин хувьдаа жаргацгаа !