Хятадын Засгийн газраас коксжих нүүрсний олборлолтыг хязгаарлаж, агаарын бохирдлыг бууруупах оролдлогыг хийж байгаа. Энэ онд нийлүүлэлт дутагдалд орсноор коксжих нүүрсний үнэ бараг хоёр дахин өсч тонн тутам нь 900 юань буюу 140 ам.долларын ханштай байна. Харин Монголын коксжих нүүрсний үнэ 600 юанийн ханштай байгаа талаар Хятадын түүхий эдийн www.sxcoal. com цахим хуудаст мэдээлжээ. БНХАУ-ын коксжих нүүрсний импорт өнгөрсөн сард жилийн өмнөхөөс 36 хувиар өсч, 6.5 сая тоннд хүрсэн байна. Коксжих нүүрсний импортын өсөлтийн дийлэнхийг Монголын талын нийлүүлэлт бүрдүүлсэн байна. Монголын компаниуд өнгөрсөн наймдугаар сард нийт 2.15 сая тонн коксжих нүүрс нийлүүлсэн бол оны эхээс тооцсон дүнгээр 12.8 сая тонныг экспортолжээ. Харин Австрали улс наймдугаар сард БНХАУ-д 3.15 сая тонн коксжих нүүрс нийлүүлсэн байна. Үүнд тус улсын төрөөс коксжих нүүрсний ордуудыг жилд 330 өдөр ажилладаг байсныг 276 болгож бууруулсан нь голлон нөлөөлсөн болохыг олон улсын шинжээчид онцолжээ.