УДБЭТ, БНСУ-ын Тэжун хотын дуурийн байгууллагатай дөрөв дахь удаагаа хамтарсан тоглолт хийх гэж байна. Энэ удаад УДБЭТ-ын гоцлол дуучин болон найрал дуучдаас бүрдсэн 45 хүний бүрэлдэхүүнтэйгээр Ж. Бизе “Кармен” дуурийг тоглох юм.
Тус тоглолтын бэлтгэл ажлын хүрээнд БНСУ-ын Тэжун дуурийн байгууллагын хормейстер Рю Хан Пэл гурав хоногийн хугацаатай Монгол улсад ирж манай найрал дуучидтай хамтарсан сургуулилтыг хийсэн. Ийнхүү УДБЭТ-ын уран бүтээлчид дэлхийн сонгодог дуурийг эгшиглүүлэхээр өнөөдөр БНСУ-ыг зорьж байна.
Ж.Бизе “Кармен” дуурийг БНСУ-ын Тэжун хотын дуурийн байгууллагын уран бүтээлчидтэй хамтран тус театрын тайзнаа 10 сарын 6-9-ны хооронд тоглох юм. УДБЭТ-ын хамт олон 54 дахь тоглолтын улиралд гадаад харилцаа хамтын ажиллагааны томоохон ажлуудыг төлөвлөсний нэг нь тус тоглолт юм.