Монголчууд эрт дээр үеэс л бага насны хүүхдийнхээ онгон даахыг хүндэтгэлтэйгээр үргээдэг ёс заншилтай байсан бөгөөд одоо ч энэхүү уламжлалаа хадгалсаар ирсэн ард түмэн билээ. Эрэгтэй хүүхдийн үсийг сондгой, эмэгтэй хүүхдийн үсийг тэгш настайд нь нялхын үсийг нь авдаг байна. Үүнд сондгой тоог арга, тэгш тоог билэг гэж бэлгэддэгтэй холбоотой юм. Мөн хүүхдийн үсийг авахдаа идээ цагаа бэлдэж тэр тусмаа цагаалгыг үзэмтэй аарц, сүүтэй цагаан будаа заавал бэлдсэн байх нь чухал бөгөөд айл хотол, хамаатан садангаараа цугларч ирсэн бүх зочид цагаалганаас амсаж найрыг эхлүүлдэг байна. Монголчууд хүүхдийнхээ даахийг авах жил “бугын дуунаар бүстэй хүүхдийн үсийг, хөхөөн дуунаар бүсгүй хүүхдийн үсийг авна” гэж хот айлаар цугларч хотондоо сан тавиад төрөл садангаараа цугларч даахь авах зан үйл ёслол эхэлдэг ёстой байсан байна. Маргааш намрын дунд сарын шинийн 17-ны өдөр буюу билэгт сайн өдөр тохиож байна. Энэ өдөр олон айл хүүхдийнхээ даахийг үргээхээр бэлдэж байгаа бол бид дараах мэдээллийг хүргэж байна.
Мөн халх, дөрвөд, баяд, мянгад, хотгойд ястанд хүүхдийн үс авахад өвөг эцэг, эцэг нь эсвэл тухайн ёслолд оролцож буй хамгийн өндөр настай хүндтэй хүн, буриадад хүүхдийг эх барьж авсан буюу хүйг боож авсан эх нь эхэлж үсэнд хутга хайч хүргэн ёсолдог байна. Тэгэхдээ найрын ахлагч ” За одоо хүүгийнхээ /охиныхоо/ даахийг үргээе” гэж хэлэхэд баруун хойд талд сууж буй хамгийн хүндтэй хүн эхэлж хүүхдийн үсэнд модон хутгаар хүрч дараа нь хадаг зүүсэн хайчаар туг үс хяргаж аягатай сүүнээс хүүхдэд амсуулж магнайд нь мөн түрхээд ерөөл бэлгийн үг хэлдэг. Ингээд зочдын урдуур хүүхдийг нар зөв тойрон өнгөрүүлэхэд тэд хэсэг үс хайчлах ба эх нь сэвийг нь авч хадганд боодог. Мөн хүүхдийн даахь /өрөвлөг/ үргээж байх үедээ хүн бүр хүүхдэд бэлэг өгч :
Урт настай
Удаан жаргалтай
Аавдаа ачтай
Ээждээ тустай
Төр улсдаа зүтгэлтэй
Түмэн олны манлай болж яваарай
гэх мэтээр хүн бүр амьдрал нь сайн сайхан байх бэлгэдэж , аав ээж төрөл төрөгсдөдөө ачлал ивээлтэй сайн хүн болохыг ерөөн ерөөлийн үг хэлдэг байна.
Ийнхүү хүүхдийн үсийг авахдаа эрэгтэй хүүхдэд тэвэг, эмэгтэй хүүхдэд 2 хөхөл хэлбэрийн үс үлдээдэг нь хуучны ойлголт ёсоор төрийн хар хүн гэрийн эх хүн болохыг бэлгэдсэн заншил юм.
Халхчуудын даахь үргээх найрлах заншил нь голдуу зуны дунд сар, намарт шинийн 8,15-нд, даваа, баасан гарагт хүүхдийн даахь авах зан үйлт ёслолыг хийх хамгийн тохиромжтой гэж үздэг байна. Харин пүрэв гарагийг “хүний хишиг өдөр” хэмээн үзэж хүүхдийн үс даахь үргээхийг цээрлэдэг байжээ. цээртэй байжээ.
Мөн зарим айлууд хүүхдийнхээ үсийг авах өдрөө багахан хэмжээ наадам хийдэг байна. Айл хотол, хамаатан садаан, нутаг усаараа цугларч байгаад даага уралдуулж, бөх барилдуулах зэргээр нутаг усаараа хамтдаа баярлаж цэнгэдэг байна. Хүүхдийн найранд очсон хүн хүүхдэд гарын бэлгээ өгч хүүхдийн баярлуулдаг байна. Мөн монголчууд дээр үеэсээ хүүхдэд халуун хошуутай хэмээн бэлэгшээж хонь, малыг амладаг байсан байна.
Хүүхдийн үсний найранд дараах байдлаар ерөөл хэлдэг байна.
Үүнд:
Хүүхдийн үс даахь авах ёслолын ерөөлд зан үйлийг тусгасан хүүхдийн ирээдүйг бэлгэдсэн агуулгатай үг хэллэг олон байдаг.
Жишээлбэл:
Энхрий бяцхан хүүгийнхээ
Онгон хонгор даахийг нь
Өдөж баясгаж авсны
Найр цэнгэл баяр бэлэг болгож
Намирсан их хадгаа дэлгээд
Нандин идээнийхээ дээжийг өргөөд
Найрын олны өмнө
Намайг бэлэг барь гэлээ
хэмээн ерөөлч уг найранд ерөөл хэлэх болсныхоо учрыг айлтгаад,
Ган цагаан хайлш
Гавшгай цагаан тонгоргийг бэлдээд
Алтай хайчны амыг нээж
Амь насыг нь даатгаж
Мөнгөн хайчны амыг нээж
Мөнх насыг нь даатгаж
Ган хошуутай
Алтан бариултай хайчаа
Гар мутар бүрийдээ
Дамжуулан үргээж
Гарсан төрсөн нас буяныг нь
Уртасгаж өргөөд
гэх мэтээр хүүхдийн онгон даахь үсэнд хамгийн анхлан хүндэтгэлтэйгээр хүрсэн учрыг үзүүлсэн байдаг. Мөн түүнчлэн:
Баруун талын шанаанаас
Эхэлж үргээхэд
Бадамлянхуа цэцэг
Дэлгэрч байгаа мэт
Зүүн талын шанаанаас нь
Авч үргээхэд
Зүйл бүрийн эрдэм
Цацарч байгаа мэт
Орой дээрээс нь авч үргээхэд
Ой билэг нь хурцдаж
Оюун ухаан нь нэмэгдэж байгаа мэт хэмээн ерөөдөг байна.
Тухайн зан үйлийн ёслол бол хүүхдэд сайн сайхныг бэлгэдсэн зориулалттай гэсэн санааг ерөөлд тодчилон шүлэглэсэн байдаг. Үс /даахь/ авах, өрөвлөг үргээх ёслолын ерөөлийн төгсгөлд хүүхдийг урт насалж элбэг баян аз жаргалтай амьдрахыг аливаа ерөөлд түгээмэл байдаг тогтмол хэлбэрээр ерөөдөг боловч зарим ерөөлд
Эрхэм хайртай хонгор хүүгий нь
Эцгийн билгийг ярихад
Номд мэргэн
Нойронд сэргэг
Үйлэнд уран
Үгэнд цэцэн
Хуулинд шударга
Хуримд цовоо
Дайнд баатар
Далайд усч
Галд халдаггүй
Галавт шантардаггүй
хэмээн эр хүний хамаг сайхан шинжийг эцгээсээ өвлөн авахыг бэлгэдсэн байх буюу эсвэл
Энхрий бяцхан хүүгийн
Оройн сэв нь
Онгон буурал болж
Хөхөлийн сэв нь
Цал буурал болж
гэх мэтээр урт удаан наслахыг ерөөсөн санааг үс /даахь/ авах зан үйлтэй холбогдсон уран дүрслэлээр илэрхийлсэн байдаг.
Үс авахад сайн өдрүүд Шинийн тооллоор
Шинийн гурван – Эд мал баялаг төгөлдөр болно.
Шинийн дөрвөн – Бие эрхтний хүч сайжирна.
Шинийн таван – Эд мал арвижна.
Шинийн зургаан – Өнгө зүс сайжирна.
Шинийн найман – Урт насална.
Шинийн арван – Эрч хүч сайжирна.
Шинийн арван нэгэн – Ухаан хурц болно.
Шинийн арван гурван – Жаргал ирнэ.
Шинийн арван дөрвөн – Эд мал арвижна
Шинийн арван таван – Өлзийтэй сайн
Шинийн арван есөн – Сайн нөхөртэй нөхөрлөнө.
Шинийн хорин хоёрон – Идээ ундаа элбэг олдоно.
Шинийн хорин гурван – Эд эдлэл олдоно.
Шинийн хорин зургаан – Жаргал үргэлжид ирнэ.
Шинийн хорин долоон – Өлзийтэй сайн
Дайх үргээхдээ өдрийн сайныг үзэхээс гадна гаригийн сайныг давхар сайтар үзэх нь чухал болно.
Сэтгэгдэл (2)