Энэ жил дашням, балжинням давхацсан билэгт сайн өдөр хоёр тохиож байна. Тодруулбал, өнөөдөр болон ирэх сарын 4-нд дашням, балжиннямтай өдөр тохиож байгаа юм. Хүчин төгсөхийн барилдлагатай энэхүү өдөр буяны үйл хийгээд шинэ хувцас өмсөх, чимэг зүүх, аливаа үйлийг хийхэд өлзийтэй сайн, хуримлах аваас насан дэлгэр, өнөр жаргалтай байна хэмээн монголчууд бэлэгшээдэг. Тиймээс гал голомтоо бадраах залуу хосууд энэ өдрийг сонгон хуримлах нь элбэг байна. Өнөөдөр 50 хос хуримаа хийж гал, голомтоо бадраахаар хуримын ордонд захиалга өгчээ.
Гэрлэх ёслолын ордны менежер Ж.Цэцэгдарь “Энэ жил өмнө жилүүдтэй харьцуулахад ачаалал бага байна. Санхүүгийн хямрал, мөн бичин жилийн барилдлага нөлөөлж байгаа болов уу. Зарим хүн бичин жил хурим хийхийг бэлгэшээдэггүй юм билээ” гэсэн мэдээллийг өгсөн. Хуримын ордон түүхэндээ энэ өдөр хамгийн олон буюу 108 хос хүлээн авч байсан удаатай. Харин энэ жилийн тухайд ачаалал тун бага байгаа аж. Ирэх сарын 4-д тохиох билэгт сайн өдөр одоогоор 20 гаруй хос хуримлахаар бүртгүүлжээ.
Гэрлэх ёслолын ордонд хуримаа хийх гэж буй хосууд хоёр сарын өмнө захиалгаа өгч, мөн гэрлэлтийн баталгаагаа заавал авсан байх шаардлагатай аж. Залуу хосууд маань 10-20 минутын гэрлэх ёслол үйлдэхэд нэг сая 200 мянган төгрөг төлдөг байна.
Ингээд энэ сайхан бэлэгт өдрийн угтан та бүхэнд сонирхолтой мэдээллийг хүргье.
Хүмүүс яагаад гэрлэдэг вэ?
Ингээд бодоход хүмүүс яагаад гэрлэдэг юм бол? Хуримын тангараг өргөж, ядам хуруундаа бөгж зүүхгүй байсан ч гэрлэсэн хүмүүсийн хийдэг бүх зүйлийг хариуцлага багатайгаар үйлдэж болоод байхад яагаад заавал хаан бугуйвч, хатан сүйх солилцох ёстой гэж! Аюулгүй байдлын хэрэгцээ, аль эсвэл хэн нэгэнд харьяалагдах гэсэн элэнц хуланцын эртний зөн үү. Хайртай хүнээ минийх гэж тамгалж байгаа мэдэгдэхүйц тэмдэглэгээ юу, ийм л байвал зохино гэсэн “эелдэг” шаардлага тавьдаг нийгмийн чимээгүй захиалга уу. Хурим хэмээх хэдхэн үсэгтэй үг яагаад дурлалд итгэдэг ч бай, үгүй ч бай, “тэнэмэл” эрх чөлөөг эрхэмлэдэг ч бай, үгүй ч бай бүх хүмүүсийн дурыг тэгтлээ татдаг юм бол? Эр, эм хүйсийн хооронд явагдах химийн урвал гэхээсээ илүүтэй нэг л зүйл гэрлэлт гэдэг гинжин холбоог баталгаажуулдаг. Тэр бол Хайр! Хайрын өмнө үхэл ч хүчгүй байхад гэрлэлт хийгээд түүнээс үүдэлтэй цөөхөн хэдэн сөрөг факт, цөөнгүй олон стереотипүүд юу юм бэ!
Тэр “цорын ганц” гэдгийг яаж мэдэх вэ?
Мэдээж тэр хосгүй. Тэр чамайг өөртөө дурлуулсан. Гэсэн ч дурлал сохор байж мэдэхийн тул үсэн буурал, өтөл болтлоо хамт байх хүнээ зөв сонгосон эсэхээ хуримын галт тэрэг ерөөл дагуулан хөдлөхөөс өмнө, жигүүр ургаагүй жирийн хүний нүдээр сүүлчийн удаа шударгаар шүүе. Эс тэгвээс өглөө болгон хуруундаа зүүдэг үнэтэй аксессуар чинь үдэш болгон өөрийгөө өрөвдөх, өрөөлийг буруутгах ялын дөнгө болж мэднэ. Хүчтэй сэтгэлийн хөдөлгөөнөөр хуримаа хийнэ хэмээн төлөвлөхөөсөө урьтаж цагаан морьтой ханхүүгээ “титэмгүйгээр”, үзэсгэлэнт гүнжээ эмэгтэй хүний 13 мэхээс нь ангид, дурлалын элдэв өнгө “будаггүйгээр” харсныхаа дараа буюу жинхэнэ төрхийг нь /харамсалтай нь тэр нь ихэвчлэн сэтгэл татам биш/ зэрвэс боловч үзсэнийхээ дараа шийдээрэй. Ерөөс хайрын араншин, дурлалын занд солиорлын тун ихдэх нь бий тул түүнийг эрүүл ухаанаар хазаарлан байж, тогтон сууж бодоорой. Амьдралыг биеэрээ туулсан эцэг эхийн тань зөвлөгөө, нөхөрлөлийнхөө үнэ цэнээр далайлган, түрий барьсан найз нөхдийн чинь хуурай агсамнал хэзээд хэрэггүй мэт санагддаг ч хэрэг дээрээ бага зэрэг хэтрүүлэгтэй ч бай хамгийн гашуун үнэн гэдгийг санах хэрэгтэй. Эцсийн эцэст тэр “цорын ганц” мөн эсэхийг ямар ч алсын хараатай эцэг эхийн билгийн нүд, уулыг нурааж, усыг эргүүлэх хүч чадалтай мэргэч, зурхайч, бөө, удгадын түмэн мэлмийгээс илүүтэй таны л сэтгэл шийднэ.
Хуримаа хэрхэн мартагдашгүй зохион байгуулах вэ?
Та хуримаа хийхэд бэлэн. Сэтгэл догдлуун, зүрх хөгжүүн, цаг яаруу байна уу. Цагаан даашинз, цэцэг чимэглэлүүд, хуримын дуу, урилга, хүлээн авалт гээд таны санааг таван тийш нь татах, тайлбарлашгүй, гэнэт гарч ирдэг асуудал олон байгаа биз? Амьдралд ганц тохиох /“азтай” заримынх нь амьдралд хэд хэд тохиох нь бий ч дахин гэрлэгсэд хурим хийхдээ ичингүйрч, цомхон хүрээнд чимээгүй ёслох нь элбэг/ онцгой өдрөө хамгаас онцгой өнгөрөөхийг хүсэгчдийн олж анзаардаггүй нэгэн дутагдал бол хуримаа үлгэрийн мэт сайхан болгохыг өдрөөр зүүдлэх нь холгүй байдаг ч үйл хэрэг болгохдоо алгуурладагт оршино.
Юунд анхаарах вэ?
Төлөвлө, төлөвлө, бас дахин төлөвлө
“Ганц тохиох” өдрөө гарцаагүй ном ёсоор нь өнгөрөөхийг хүсвэл дор хаяж гурван сарын өмнөөс “гутал оймсыг элтэл явдаггүй” юм аа гэхэд Гачуурт, Монгол шилтгээн, Хуримын ордноор тохиромжтой өдөр судрыг товлон хайх хэрэгтэй болов уу. Шөнө дунд, шүлэг нойрын цагаар цагаан даашинзнаасаа сүүн гэрэл цацруулсхийн ёслохыг хэрэв романтик гэж үзэж байгаа бол, үүрийн таван жингээр цолмон одоор зам хийн тангараг өргөх нь содон санагдаж байгаа бол тэгтлээ эртнээс сэтгэлээ чилээх шаардлагагүй байж болно. Гэхдээ ухаалаг сүйт бүсгүй уригдаж ирэгсдийнхээ нойрыг, үгүй ядаж л 24 цагийн үсчин, гоо сайханч ховрыг бодолцох хэрэгтэй.
-Хаана?
Хуримын ёслолыг хаана өвөрмөцөөр хийж болох вэ? Хүүхдийн паркийн хөлөг онгоц шинэхэн гэрлэгсдэд шинэ орчин бүрдүүлж чадна. Нуурын голд, цэцгээр дүүргэсэн хөлөг онгоцон дээр хайраар дүүрэн өдрөө тэмдэглэхийг хэн хүсэхгүй гэж.
-Хуримын бөгж
Хэдийгээр бид хаан бугуйвч, хатан сүйх солилцоно хэмээн ярьж, сэтгэж сурсан ч орчин үеийн хосууд чулууны хаан болох алмаазан шигтгээтэй, хугардаггүй, нугардаггүй, элэгддэггүй платинум бөгжийг сонгох болсон байна. Харри Винстоны хойноос хөөцөлдөгсөд тус компанийн нэр хүндэд нь дурладагтаа биш, харин гэр бүлийн амьдралаа үнэт чулуун шигтгээтэй платинум мэт бат бөх байлгахыг хүсдэгээс үүдэлтэй. Тэгвэл Монголд хаанаас “Гэрэлт амьдралын илэрхийлэл” болсон сүйн болон хуримын бөгжөө худалдан авч болох вэ? Хаанаас авсан бөгж хайртын тань сэтгэлийг таны сэтгэлтэй хамт үүрд “бөгжлөх” бол? Хүн бүхний мэддэг Зоос гоёл, Мөнгөн завьяа, Хатан сүйхээс гадна шүү дээ. Grand Plazа, Max Mall-д шинэ салбараа нээсэн Zaya’sh jewelry дэлгүүр нь Японы алдарт Tsutsumi брэндийн загвар, сонголт сайтай платинум бөгжнүүдийг санал болгож байна. Хэрвээ цорын ганц түүндээ зориулсан, давтагдашгүй бичигтэй бөгжөөр хайрын тангараг “сийлэхийг” хүсвэл Zaya’sh jewelry-гийнхэн танд Японоос 14 хоногийн дотор үнэгүй захиалан авчирна. Тэр танд итгэж гараа өгсөн. Харин та тэр их итгэлийг нь хуруундаа “үүрч” явах “чадалтай”, хамгийн ховор нандин бөгжийг сонгоорой.
-Хуримын энтертэйнмент
Та хуримын аль хэсэгт нь хамгийн дуртай вэ? Монгол хуримын шүү дээ. Магадгүй хүлээн авалт. Идээ умдаан элбэг дэлбэг, ирсэн хүмүүс нь үзэмж төгст биш шүү. Харин өөр ямар ч баяр ёслол танхимыг тэгтлээ сайн энергиэр дүүргэж чаддаггүйд нь, уригдсан зочин бүр чин сэтгэлийн ерөөл дэвшүүлдэгт нь, удаан уулзаагүй настнууд хуримын ширээний ард мөр зэрэгцэн дуу хуур хөгжөөдөгт нь байх /Байз байз. Бас ч бүгд инээж наргидаггүй юм байна. Шинэхэн бэрийн ээж уярсандаа нулимс унагаж, хүргэний хуучин найз охин нь хөмсөг зангидаж байхыг харсан л юм байна/. Өндөг өөгүй гэдэг ч үнэндээ яаж хальслахаас хамаардагтай адил хурим сайхан боловч хэрхэн зохион байгуулахаас олон зүйл шалтгаалдаг. Монгол хуримын хүлээн авалт ихэвчлэн настнуудад зориулсан “намбалаг” болдгийг та юу эс андах вэ. Тэгвэл та хоёр найзууддаа зориулж хөгжөөнт тоглоом зохион, танилцах гээд эвээ нэг л олохгүй байгаа, таны уригдах дараагийн хуримын эзэд ч байж мэдэх залуусын нүүрийг хагалж, албан ёсны арга хэмжээний атмосферийг “хагалвал” ямар вэ? Эрэгтэй эмэгтэй найзуудаа адил хувцсаар гоёхыг санал болговол гучаад оны нил ягаан хүүхэлдэйнүүд, жараад оны улбар шаргал chic-үүд, ижилхэн өнгийн эрвээхэй зангиа бүхий жентельмэн залуус хуримын тань өнгө төрхийг бүрдүүлнэ. Энэ тохиолдолд цасан цагаан даашинз бүхий сүйт бүсгүй та хамгаас тодорч харагдана гэдэгт итгээрэй. Үүнийг л та хүсээгүй гэж үү?
Анхны бүжиг
“Хаа нэгтээ хундага жингэнэнэ. Жингэнэх долгионд даашинзны хормой үл ялиг дэрвэлзэнэ. Дэрвэлзсэн цагаан хормой хөгжмийн намуухан аялгуунд бүжнэ. Хуримын аялгуу түүний уруул дээр инээмсэглэл авчрана. Инээмсэглэлтэй уруул чихэнд “Би чамд хайртай” гэж шивнэнэ. Нэг, хоёр, гурав. Алхаа, амьсгал, амьдрал минь энэ мөчөөс эхлэн түүнийхтэй нэг болсныг мэдэрнэ. Бидний анхны бүжиг...” “Төсөөллийн өрөө”-нд тань энэ “сонгодог” үзэгдэл хамгаас тод бууж байна уу. Нэрийг нь аль хэдийн мартсан францын хар цагаан киноны мартахыг хэзээ ч өөртөө зөвшөөрөмгүй хэдхэн хором. Ерөөс тансаг. Илэрхийлэл нь гайхамшигтай. Гэхдээ бүсгүй минь та ч мөн адил өөрийнхөө найруулсан монголын уран сайхны нэг ангит “Ийм нэгэн хурим” хэмээх киноны гол дүрд нь тоглож болно шүү дээ. Гол нь бүжиглэж сурах хэрэгтэй. Орчин үед хосууд хуримын анхны бүжигтээ бэлдэж тусгай хичээл заалгах болсон байна билээ. Бүжгийн төвүүд зөвхөн та хоёрт зориулан хөтөлбөр бэлдсэн гэнэ. Үнэ нь арай өндөр. Гэхдээ хуриманд чинь уригдсан бяцхан охины сэтгэлд Bride War-т гардаг шиг “Ийм л гоё эгч болох юмсан” гэсэн нууцхан хүслийн үрийг тарьж, тэр үдшийн тэнгэр дор та хоёроос өөр хүн байхгүй мэт хайраараа хөл хийн эхний бөгөөд эцсийн удаа бүжвэл, энэ жинхэнэ үзэсгэлэнтэй сонгодог үзэгдэл болно.
Хуримын урилга
Ялимгүй жижиг зүйл ч гэсэн таны мөрөөдлийн хуримыг тэнгэрээс газарт буулгаад ирдгийг сануулах хэрэг юун. Тиймээс хуримын урилгаа ямар өнгийн, ямар чанартай цаасан дээр хэвлүүлэх вэ гэдгээс хэдэн хүн, ямар бэлэгтэй ирэх вэ гэдэг нь шууд хамааралтай гээд хэлчихвэл арай хатуудах болов уу. Азаар таны сэтгэлийн илэрхийллийг өнгө будаг, үсэгтэй нь, хүсвэл алтан утсаар, мөнгөн цаасан дээр ч болов буулгах хэд хэдэн газар Монголд бий. Таалалд тань нийцэхгүй байвал интернэт гэдэг эгэл бус мэдээллийн санд хандаж болно. Алладдины бирд шиг “Гурван хүслээ” хэл гэх вий.
Хуримын зураг авалт
“Хамаг бүхэн бороо мэт арилж, харин гэрэл зураг шороо мэт үлдэнэ” гэдэг. Таны хуримаа хийсэн эсэх, нөхөр чинь “хэн” байсан эсэхийг /эрэгтэй хүн халамжтай эхнэрийн “ходоодтой нь ярих” хуулийн заалтын дагуу гэрлэснээс хойш хэдхэн жилийн дараа “төрөл арилжин” жин нэмдгийн жишээг аль ч гэр бүлээс харж болно/ гэрэл зураг л батлах тул хуримын зураг авалт туйлаас чухал нь гарцаагүй. Үүнээс гадна эмэгтэй хүн хуримынхаа үеэр л хамгийн үзэсгэлэн төгс харагддаг шүү дээ. Хорвоо дээрх ганц хувь даашинзыг захиалж хийлгэсэндээ ч биш, аз жаргалаар царай нь гэрэлтэж байдагтаа л /цагаан даашинз угаасаа наранд гэрэлтэх тул биеийн тухайд асуудалгүй/ тийнхүү “Тэнгэрийн бүсгүй” мэт харагддаг байх. Өдөр болгон сахиусан тэнгэрүүдийн эгнээнд очиж чадахгүй юм чинь боломжийг ашиглан зургаа сайн авахуулъя.
24tsag.mn
Сэтгэгдэл (1)