Энэ жилийн “Авьяаслаг монголчууд” шоуны анхны алтан баззерын эзэн болж шуугиан тарьсан Э.Энх-Эрдэнэнийн тухай мэдээллийг хүргэж байна. Ачигч, алтан баззерын ялагч Э.Энх-Эрдэнэ гэж хэн бэ? Шүүгчдийн 100 хувийн саналаар алтан баззер авсан оролцогч, дараа дараагийн шатны шалгаруулалтаас чөлөөлөгдөж, шууд шилдэг 32-т өрсөлдөх эрх нээгдэх юм Бөөн бөөн боломж, хэмнэлт дагуулсан асар өндөр үнэлгээт алтан баззерын анхны эзнээр 087 дугаартай Э.Энх-Эрдэнэ шалгарсан юм. Э.Энх-Эрдэнэ Никитон хамтлагийн дуучин Б.Батчулууны дуулсан “Янаг цэцэг” дуугаар нэгдүгээр шатны шалгаруулалтад оролцсон бөгөөд шүүгч Б.Баярсайхан /Roket Bay/ сэтгэлээ барьж дийлэлгүй алтан баззер дарсан юм. Бусад шүүгчид ч түүний энэ үйлдлийг буруутгаагүй санал нэгдсэнээр Э.Энх-Эрдэнэ шоуны сүүлийн 32-т үлдлээ. Тэрбээр “Би гэргийдээ энэ наадмын сүүлийн наймд багтаж үлдэнэ гэж амласан” хэмээн “Авьяаслаг монголчууд”-ын тайзан дээр хэлсэн билээ. Эгэл даруу төрхийн цаана ихээ авьяас нуугдан байдгийг харуулсан Э.Энх-Эрдэнэд амжилт хүсье.
Э.Энх-Эрдэнэ 1990 онд Дорнод аймагт төржээ. Эхээс тавуулаа айлын дөрөв дэхь хүүхэд. Тэрбээр есдүгээр ангиа төгсөөд l ажил хийж эхэлсэн байна. 2003 оноос эхлэн “Хүчит шонхор” зах дээр ачигч хийж байгаа бөгөөд саяхнаас “Од групп”- ийн гурилын үйлдвэрт мөн давхар ажилладаг болжээ. Тус үйлдвэрт эхнэрийн хамтаар ажилладаг байна. Энд 24 цаг ажиллаад 48 цаг амардаг бөгөөд амрахдаа “Хүчит шонхор” зах дээр ажилладаг аж. Багаасаа дуулаагүй ч цэрэгт явж ирснээсээ хойш дуулах авъяасаа илрүүлсэн гэнэ. Гэр, бүл найз нөхөд нь “Авьяаслаг монголчууд” шоунд орохыг зөвлөсөний дагуу оржээ. Тэрбээр эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Том хүү нь гурван настай, бага нь ой гурван сартай охин. “Авъяаслаг монголчууд” шоунд ороод алтан баззер авна гэж бол төсөөлөөгүй талаар тэрбээр ярьжээ. Э.Энх-Эрдэнэ олон жил ачигчийн ажил хийсэн болохоор нуруу нь суулт өгч эхэлсэн ч хийж буй ажилдаа сэтгэл хангалуун байдаг байна. Ажил хүнийг голно уу гэхээс хүн ажлыг голохгүй гэж хэлэх дуртай. Э.Энх-Эрдэнэ аавынхаа талаар ярихдаа “Аавын хайрыг би мэдэрч үзээгүй. Аавынхаа талаар сайн мэдэхгүй. Уг нь бол амьд байдаг. Энэ жил буюу намайг бараг 26 нас хүрч байхад над руу залгаад ярьсан. Гэнэтхэн гарч ирэхээр сонин юм байна лээ. Баянхонгор аймгийн Баацагаан суманд амьдардаг юм гэсэн. Надад сайхан санагдаагүй, хачин л санагдаж байсан. Утас дуугарахаар нь аваад “Байна уу хэн бэ?” гэсэн чинь урдаас “Аав нь байна” гэж байсан. 25, 26 жил амьдрахдаа аав гэж хэлж үзээгүй байхад гэнэт нэг хүн залгаад аав нь байна гэхээр үнэхээр сонин санагддаг юм байна билээ. Тэгээд би “аан за, за 25 жил яриагүй юм чинь одоо яриад яахав дээ" гэж хэлсэн” гэжээ. Тэрбээр “Авъяаслаг монголчууд” шоунд оролцож алтан баззерын эзэн болсноор шилдэг 32-т шууд оролцох эрхтэй болсон юм. Тиймээс шоундаа сайн бэлтгэж байгаа ажээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (8)