Олны танил хүмүүс өөрсдийн хоббигоо хамгийн сайн хөгжүүлж чаддаг хүмүүс байдаг. Ажил, амьдралынхаа хажуугаар сонирхолтой цуглуулгадаа цаг зав гаргадаг зарим олны танил хүмүүсийн сонирхол руу өнгийцгөөе. Тэдний цуглуулга их мөнгөөр үнэлэгдэх тул бусдын анхаарлыг өөрийн эрхгүй татаж байдаг билээ.
Төмөр хүлэг сонирхогчид
Дуучин Д.Болд
Дуучин Д.Болд машин цуглуулах хоббитой. Тэрбээр гадаад оронд аялах болгондоо сувенирийн машин заавал худалдаж авдаг аж. Д.Болд “Хаммер”, “Бенз”, “Lexus-470”, “Range Rover” зэрэг нийт 500 сая төгрөгийн үнэ бүхий автомашинтай. Дуучин маань эдгээр машинаа ээлжилж унах дуртай бөгөөд бүх машин нь 4044 гэсэн улсын дугаартай. Ямартай ч Д.Болд өөрийн цуглуулгаараа үзэсгэлэн гаргах хэмжээний олон цуглуулгатай болж чадсан.
Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд асан Х.Баттулга
УИХ-ын гишүүн Х.Баттулгын цуглуулгад 650 мянган долларын үнэтэй машинаас өгсүүлээд олон машин байдаг гэх. Тиймдээ ч түүний машины цуглуулга нийтдээ 3 сая долларын үнэ өлхөн хүрнэ гэж тооцжээ. Х.Баттулгын машины цуглуулгыг “Хаммер лимузинг” болоод Английн “Rolls Royce Motor Cars Ltd” компанийн “Rolls Royce ” машинууд чимдэг. Угаас бизнес ухаан сайтай тэрээр “Хаммер лимүзинг” машинаа өдрийн 1000 ам.доллараар түрээслүүлдэг аж. Харин гадны хөрөнгө оруулагч бизнесийн түншүүдийнхээ итгэлийг хүлээх, бэл бэнчингээ харуулахыг хүссэн бизнесменүүд Баттулга гишүүний лимузингийн түрээсэнд гар татдаггүй бөгөөд Монголд ганцхан ширхэг байдаг энэ машиныг ихэвчлэн “Чингис хаан” нисэх онгоцны буудал дээр харж болно.
УИХ-ын гишүүн асан Г.Баярсайхан
Тэрбээр Монголд орж ирж байсан бүх жипийг унаж байсан гэдэг. Энэ дотроос хамгийн сайн нь түүний одоогийн унаж байгаа “Nissan”-ны жипний төрлийн машины дээд ангиллын тэрэг. Гэхдээ энэ тэрэг бартаат замын машин биш учир тэрбээр бартаат замд “Chivrolettahoe” гэж америк тэрэг хөлөглөдөг аж.
Хуучны эдлэлд нүд унагадаг эрхмүүд
Дуучин Ч.Бат-Эрдэнэ
Нийтийн дуучид дотроо шаггүй сэргэлэнд тооцогдож ард түмнээсээ “Эр хонгор дуутай, эрхийн чинээ биетэй” гэх элгэмсүү алдрыг хүртсэн гавьяат жүжигчин, дуучин Ч.Бат-Эрдэнэ бие жижиг ч бэлчээр томтой эр. Түүний хобби нь хуучин эдлэл цуглуулах бөгөөд чамгvй арвин аж. Дуучин Ч.Бат-Эрдэнийн цуглуулгаас хамгийн үнэтэйд тооцогддог нь цагаан алтаар хийсэн хуучны халбага гэнэ. “Амьд явбал алтан аяганаас ус ууна гэгчээр би хуучны ховор эдлэл олонтой” хэмээн бахархан ярих дуртай түүний бас нэгэн хобби нь өөрийнх нь тухай сайн, муугаар бичсэн сонины хайчилбар цуглуулах. Энэ цуглуулгад буй хайчилбаруудаас дуучин залууг муугаар бичсэн хайчилбар илүү их байдаг гэнэ.
Жүжигчин Г.Алтаншагай
Түүний хувьд сонирхдог зүйл гэвэл монгол эд хэрэглэлүүд . Түүнд хулсан ташуурууд мөн кинондоо хэрэглэж байсан суран ташуур, ааваас нь өв дамжсан хөөрөг, эмээл хазаар, чөдөр, зодог шуудаг гэх мэт эр хүний эд хавийг гайхуулсан тийм сайхан зүйлсүүд цуглуулганд нь байдаг байна.
Дуучин Л.Банзрагч
Соёлын тэргүүний ажилтан, дуучин Л.Банзрагч Увс нутгийн хүү. Тэрбээр мөнгөн аяга, бөгж, эмээлийн мөнгөн даруулга, хазаар цуглуулах хоббитой аж. Цуглуулгад нь байгаа хамгийн олон зүйл нь мөнгөн аяга гэнэ. Дуучин залууг энд тэнд тоглолтоор явахад үзэгч, сонсогчид нь хүндэтгэсэн сэтгэлээ илэрхийлж мөнгөн аяга хадаг сүүтэй хамт барьдаг болохоор ийн богино хугацаанд цуглуулга нь арвижсан.
УИХ-ын гишүүн асан Батж.Батбаяр
УИХ-ын гишүүн асан Батж.Батбаяр үнэтэй, бас чамин цуглуулгаараа алдартай. Түүнд Монголын хамгийн үнэтэй уран зургууд, эртний хятадын уран бүтээлчдийн ховор нандин бүтээлүүд хадгалагдаж байдаг. Эрхэм гишүүн өөрийнхөө уран зурагт зориулан хагас тэрбум төгрөгөөр хоёр давхар байшин худалдан авсан.
Гоёл чимэглэлд "донтогчид"
Дуучин С.Сэрчмаа
Рок попын эмэгтэй дуучдаас хамгийн дэгжин гэх нэртэй явсан Соёлын тэргүүний ажилтан, “Хайрын дууч” С.Сэрчмаа чамин загварын нарны шил цуглуулах дуртай. Сэтгэлд нь таалагдсан шилээ авахын тулд мөнгө хайрладаггүй нэгэн болохоор түүний цуглуулга одоогоор 30 гаруй болсон гэх. Тэр дундаас хамгийн үнэтэй нь 2000 ам.долларын үнэтэй нарны шил гэнэ.
Дуучин Г.Эрдэнэтунгалаг
Нийтийн дуучид дотроо чадалтай хоолойтойд тооцогддог дуучин Г.Эрдэнэтунгалаг аль болох онцгой содон ээмэг зүүлтээр гоёх дуртай аж. Ээж болсноосоо хойш улам бүр эмэгтэйлэг болсон Г.Эрдэнэтунгалагт шинэ имиж нь донжтой нь аргагүй зохиж дур булаам харагдуулж байгаа. Гоёмсог чамин ээмэг зүүсгэл сонжиж явдаг түүний цуглуулга нэлээд арвижсан нь ч учиртай. Өмссөн хувцас болгондоо тохируулж гоёл зүүсгэлээ сонгодог бөгөөд үүнийгээ ч юу юунаас илүү чухалчилдаг аж. Түүний цуглуулгад алт, монет, үнэт чулуун зүүсгэлээс гадна чөлөөт стилийн хувцсанд зохицсон гархинууд гээд олон зүйл бий.
“Камертон” хамтлагийн дуучин Л.Ган-Эрдэнэ
Хамтлагийнхныгаа бодвол "shopping" бага хийдэг Ганаагийн хувьд элдэв янзын брэндийн хувцас, сүрчиг энэ тэрээс илүү эрүүнийхээ ээмгэнд ихэд анхаардаг аж. “Эр хүнийг ээмэг гутаана” гэдэг байсан үе аль хэдийнэ ард хоцорч чих байтугай эрүү, хамар, хүйс, хэл гээд хүссэн газраа “нүхэлж” ээмэг зүүх болсон. Үүний эхлэлийг тавьж залуусыг эрүүний ээмгэнд “уруу татсан” Ганаагийн цуглуулга тоогоо алдсан гэсэн. Хэдэн жилийн өмнө Сингапураас 70 ам.доллараар авсан шигтгээтэй ээмгэндээ хамгийн их хайртай аж.
Б.Баатархүүгийн хобби
Хошин урлагийнхан дундаа хамгийн “загварлаг” залууд тооцогддог жүжигчин Б.Баатархүү эрчүүдийг гутлаар нь дүгнэдэг гэдэгтэй санал нийлдэг тэрбээр брэндийн гутал, цагаар гоёхдоо дуртай байдаг ажээ. Жүжигчин болохоосоо өмнө тогооч байсан хэмээн хошигнодог түүний өөр нэг хобби нь хоол хийх бөгөөд хамгийн сайн хийж чаддаг, гарын хоол нь банштай цай гэсэн шүү.
Дуучин Батсүх
Завханы гавьяат Батсүх сайн чанарын хувцас, хөөрөг хоёрт үнэ хайрладаггүй. Түүний гэрт нийтдээ 20 гаруй хөөрөг байдаг гэнэ. Хамгийн сүүлд нил ягаан болор хөөрөг авч цуглуулгадаа нэмэрлэсэн эрхэм гавьяат бөгж, бугуйвч, бугуйн цаганд ч бас нугасгүй дуртай гэсэн. Хаа явсан газраасаа байнга бугуйн цаг худалдан авдаг гэнэ.
Зоосны цуглуулгатай эрхмүүд
Аглуу буюу Л.Баттулга
“Х-Түц” продакшны жүжигчин Аглуу буюу Л.Баттулга эртний зоос цуглуулах дуртай. Түүний цуглуулгыг одоогийн ханшаар тооцвол нэг автомашин өлхөн авчихаар хэмжээний аж. Жүжигчин Аглуу багаасаа аавтайгаа хамт Оросын хаант засгийн үеийн мөнгөнөөс эхлээд эртний болон янз бүрийн мөнгө цуглуулдаг байжээ. Тэрбээр ажлаар гадаадад явах бүртээ зоос авч цуглуулгаа арвижуулдаг гэнэ. Мөн түүний найз нөхөд нь төрсөн өдөр, тэмдэглэлт баяраар байнга л мөнгөн зоос бэлэглэдэг аж.
“Ажнай ” Д.Бат-Эрдэнэ
Нүүрсний магнат гэгдэх “Ажнай” Бат-Эрдэнэ сүүлийн үед зоосны цуглуулга худалдаж авах хоббитой болсон гэнэ. Тэрбээр саяхан 3.2 сая ам.доллараар зоосны цуглуулга худалдаж авсан байна. Өөрийнхөө хүссэн зүйлд гар татдаггүй энэ эр зоосных нь цуглуулгын үнэ өдрөөс өдөрт өсөж байгаа хэмээн бардамнан ярих дуртай гэнэ.
Ном, сэтгүүл, Сиди
“Камертон”-ы А.Мэнд-Амар
“Камертон” хамтлагийн дуучин А.Мэнд-Амар ном уншина гэхээс бүр байж яддаг юм байх. Түүний гарт элдэв өрнөлөөр дүүрэн адал явдалт детектив зохиол, утга уянгын сэдэв бүхий хайрын роман, инээдмийн өгүүллэг, логик сэтгэлгээ хөгжүүлэх бодлогын ном бариулчих юм бол нүд салгалгүй уншаад суучихна. Юун амралт, зугаалга манатай. Гэхдээ дутагдал гэж нэрлэж боломгүй дуучин залуугийн энэ хобби дунд сургуульд байхаас нь эхэлж. Ном уншихын тулд ямар ч зүйлд анхаарал хандуулдаггүй байсан учраас сүүлдээ бүр “номын цагаан солио” гэгч өвчин тусч байсан түүхтэй гэх. Харин нас биед хүрсэн хойноо номноос хөндийрч урлагийн сургуульд орсноор детектив зохиолын араас хөөцөлдөхөө больжээ. Мэдээж хэрэг ном унших хоббигоо бүрмөсөн мартана гэж юу байхав.
Дуучин ВХ
Дуучин залуу маань шүлэг зохиохоос гадна гадаадын алдартай хамтлаг, дуучдын цомог, DVD цуглуулах дуртай гэнэ. Түүний цуглуулгад өдгөө 60 гаруй цомог, 40-өөд DVD байдаг. Уран бүтээлчид шинэ цомог DVD-гээ бие биедээ дурсгадаг эрхэм харилцаатай болохоор ВХ-ийн цуглуулга өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа бололтой.
Найруулагч Н.Наранбаатар
Тэрбээр сонгодог хөгжмийн чиглэлээр CD цуглуулж түүнээсээ "кайф" авдаг аж. Ялангуяа дэлхийн сонгодог Бетхован, Шуберт, Моцарт нарын симфони бvтээлvvдийг шимтэн цуглууддаг. Жүжигчин маань нэрт дуучин Селин Дионыг шvтдэг учир түүний сиди ч олон байдаг гэнэ шүү.
“Харсарнай”-гийн С.Амараа
Монголын реп-техногийн хаан гэгддэг “Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандах багаасаа ном цуглуулдаг байсан гэдэг. Тэрбээр бичиг үсэг сурсан цагаасаа эхлээд их хаад, дайчин баатруудын тухай ном уншсаар байгаад тэр нь бүр зүрх сэтгэлд шингэчихсэн тухай өдгөө ч ярих дуртай юм билээ.
“Voice” хамтлагийн дуучин Д.Отгонжаргал
Тэрбээр ил захидал цуглуулах дуртай гэнэ. Дуучин бүсгүйн цуглуулгад түүний аялсан, зочилсон газар бүрийн ил захидал байдаг аж. Тэрбээр дэлхийн 20 гаруй оронд очиж үзсэн бөгөөд тухайн орныхоо хамгийн алдартай дурсгалт газар очиж, зураг авахуулах дуртай гэнэ. Түүнчлэн зураг авахуулсан газрынхаа ил захидлыг заавал худалдаж авдаг ажээ.
Сэтгэгдэл (1)