Араб алчуур, турк цамц, өргөн жийнс, хятад шаахай, тарпецн өмд гэхээр таны нүдэнд нэг л танил төрх бууж байгаа биз. Энэ бол 1990-ээд оныг санагдуулам дүр төрх. Энэ үед залуус ийм л зүйлсээр гангарч "Одод болохын хүслэн"-д оролцож хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэн явсан билээ.
Тэгвэл 1990-ээд оны залуусыг эд шуугиулж явсан "Оддын болохын хүслэн" эргэн ирж, залуусын дурсамжийг сэдрээхэд ердөө нэг хоног үлдээд байна. Учир нь “Мөрөөдлийн театр”, “Монгол Контент” ХХК нар хамтран "Одод болох хүслэн" кино уран бүтээлийг үзэгчидэд хүргэхэд бэлэн болжээ.
Киноны гол дүрүүдэд "Мөрөөдлийн театр"-ын Батаа, Шагай, Эрхэмээ нар тоглосон байна. Харин туслах дүрийг Ш.Алтанцэцэг, Д.Хүрэлхүү, А.Даваахүү, Ц.Нарантунгалаг, О.Үржинханд нар амилуулж байгаа аж. Тус киноны найруулагчаар “Содура” уран сайхны киноны найруулагч Б.Жаргалсайхан ажилласан бол кино зохиолыг "Аав" киноны зохиолч М.Энхдалай бичсэн аж. Тус бүтээл 9-дүгээр сарын 9-ны өдөр буюу маргааш бүх кино театруудад нээлтээ хийж үзэгчдийн хүртээл болох юм байна.