Манай улс олон улсын валютын сангаас тусламж авч эдийн засгаа түр сэргээнэ гэж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат мэдэгдсэн. Энэ дагуу өнгөрсөн сард олон улсын валютын сангийн мэргэжилтнүүд Монголд ирж судалгаа хийсэн билээ. Манай улс тус сангийн шаардлагыг хангаж чадвал тусламж авахад асуудалгүй гэж буй.
Тэгвэл Олон улсын валютын сангийн хэвлэлийн төлөөлөгч Герри Райс пүрэв гарагт мэдэгдэл хийхдээ “ОУВС-гийн суурин төлөөлөгчийн газрыг өнгөрсөн наймдугаар сарын дундуур Улаанбаатар хотод байгуулсан. ОУВС Монголд тусламж үзүүлэхэд бэлэн байна” гэжээ. Тэрбээр мөн “ОУВС-гийн ажилтнууд Монголын шинэ Засгийн газрын албаны хүмүүстэй уулзаж, өргөн хүрээтэй асуудлуудыг хэлэлцсэн. Бид тус улсын нөхцөл байдлыг нухацтай ажиглаж байна. Тулгарсан сорилтуудыг даван туулахаар ажиллаж байгаа тус улсын засгийн газрыг дэмжихэд бэлэн байна” гэсэн байна.
Харин Монголын албаны хүмүүс ОУВС-гаас санхүүжилт хүссэн эсэхийг түүнээс тодруулахад хариулахаас татгалзжээ.
Өнгөрсөн жил дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ унаж, Хятадад эрэлт буурсны улмаас тавхан жилийн өмнө эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд тэргүүлж байсан Монгол Улс хүндхэн байдалд ороод байгаа юм. Харин тус сангаас зээл авбал түрдээ сэхээ авахаар байгаа билээ. Гэхдээ валютын сангийн зээл ихээхэн хатуу нөхцөлтэйг хүн бүр мэднэ.
24tsag.mn