Утга зохиолын хамтарсан семинарыг МЗЭ-ийн дэргэдэх "Шинэ мянган" утга зохиолын нэгдэл, БНСУ-ын Дорно дахины утга зохиолын академи хамтран зохион байгуулжээ.
Семинарт "Шинэ мянган" утга зохиолын нэгдлийн гүйцэтгэх захирал, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Ц.Эрдэнэбаатар, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Л.Мягмарсүрэн, Д.Ган-Очир, Л.Батцэнгэл, Л.Ганзул, Г.Сонинбаяр, Г.Сүхзориг, Б.Чулуунцэцэг, "Болор цом"-ын эзэн яруу найрагч Д.Болдхуяг, яруу найрагч Б.Хүрэлтогоо, Б.Занданхүү, Ө.Батзориг, БНСУ-ын Дорно дахины утга зохиолын академийн тэргүүн им Ханъчан, БНСУ-ын Пэгжэ соёл урлагийн их сургуулийн багш Ким Донсү, Чөнбүг аймгийн яруу найрагчдын холбооны дарга Ким Ён зэрэг 20 гаруй хүн оролцож Монгол, Солонгосын утга зохиолын байгууллагуудын хамтын ажиллагаа, хоёр орны утга зохиолыг харилцан орчуулах, соёл, боловсрол, урлагийн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал солилцон илтгэлүүд тавьж хэлэлцжээ.
Энэ нь Монгол, Солонгос яруу найрагчдын хоёр дахь удаагийн хамтарсан семинар бөгөөд цаашид жил бүр тогтмол зохион байгуулах юм байна. Мөн Монгол, Солонгос утга зохиолын хамтарсан сэтгүүлийг жил бүр хэвлэн олны хүртээл болгох гэнэ.