Дэлхийн мэдээллийн хамгийн том агентлаг болох "Ройтерс"-т Монгол улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар бичжээ.
Тодруулбал,
"Рио 2016 зуны олимп үргэлжилж, спортод дуртай монголчууд тамирчдаа уухайлан дэмжиж байна. Гэсэн хэдий ч эдийн засгийн хүнд нөхцөл байдлын улмаас тус улсын Засгийн газраас тамирчиддаа цалин хангамжийг нь олгож чадахааргүй болжээ. Дөрвөн жилийн өмнө Монгол улсын эдийн засаг 12.3 хувийн өсөлттэй, Лондоны олимпоос 5 медаль хүртчихсэн бүх зүйл сайхан байлаа. Гэтэл энэ жил экспортын бараа бүтээгдэхүүний үнэ нь унаж, хөрөнгө оруулагчдын итгэл огцом доошилсноор эдийн засаг нь гүн гүнзгий хямралд автаад байна. Монгол улсын мөнгөн дэвсгэрт болох төгрөг нь энэ сард дэлхийн хэмжээнд хамгийн сул мөнгөн дэвсгэртээр тодорсон байна. Мөн доллартай харьцах ханш нь сарын эхний байдалтай харьцуулахад 8 хувиар унажээ. Түүнчлэн тус улсын шилдэг тамирчид нь төрөөс олгодог цалин урамшууллыг хүртэх боломжгүй болоод байна. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын хэлж буйгаар Засгийн газраас бокс, чөлөөт бөх, нум сум харваа гээд нилээд хэдэн спортын тамирчдад нийт 1.7 тэрбум төгрөг буюу 579,489 фунт стерлингийг сарын урамшуулал цалин болгох олгох ёстой ч, төлж чадахгүй нөхцөл байдалд хүрээд байна. 20 орчим жилийн өмнө хэрэгжиж эхэлсэн уг хуулийн дагуу сард 500 мянгаас 4 сая хүртэлх төгрөгийн урамшуулалт цалинг тамирчдад олгох ёстой юм. Хамгийн өндөр цалинг нь олимпийн наадмын алтан медаль хүртсэн тамирчид хүртэхээр зохицуулагдсан байдаг. Засгийн газар зардлаа хэмнэх үүднээс ерөнхий сайд, ерөнхийлөгч, парламентын гишүүдийн цалинг 30 хувиар бууруулах шийдвэрийг хэрэгжүүлэхээр зэхэж байна. Хөрөнгө оруулагчидтай санал зөрчилдсөн явдал, нүүрс, зэсийн үнэ буурсан, эрэлт унасан зэргээс болж эдийн засгийн нөхцөл байдал сүүлийн 4 жил огцом доройтсон бөгөөд энэ нөхцөл байдалд ажиллах хүнд хэцүү шалгуур шинээр бүрэлдсэн МАН-ын Засгийн газрын өмнө тулгараад байна" гэжээ.
Сэтгэгдэл (7)