Хүн төрөлхтний цэнгэлийн манлай олимпийн наадмаас жүдогийн эмэгтэйчүүдийн 57 кг-ийн жинд мөнгөн медаль хүртсэн Д.Сумъяа эх орондоо ирлээ. Түүнийг ХХЕГ-ын удирдлагууд болон аав ээж, төрөл төрөгсөд, нутгийн зон олон монголчууд угтан авлаа.
Тэрбээр: Монголын ард түмэндээ намайг эх орноосоо чин сэтгэлээр дэмжиж байсанд баярлалаа гэж хэлмээр байна. Мөн өөрийн багш нартаа, Жүдо бөхийн холбоо гээд баярлах хүмүүс маш олон байна. Монголын үндэсний Олимпийн хороо, Спорт хөгжлийн төв, Хил хамгаалах газар, нийт хилчидтэйгээ баяраа хуваалцмаар байна. Гэр бүл аав ээж ах дүү нартаа дахин баярлалаа гэж хэлье. 2016 оны олимпод дэлхийн чансааг толгойлж жингээ тэргүүлэн орно гэдэг миний хувьд нэр төрийн хэрэг байлаа. Эх орондоо ирэх үнэхээр сайхан байна. Сэтгэл тайван сайхан болчихлоо. Энэ амжилтыг гаргахад бүхий л талаар дэмжиж тусалсан хүмүүст баярлалаа гэж хэлье хэмээн өөрийн сэтгэгдлээ хуваалцлаа.