Мөнгөн урсгал нь таны бизнесийн үйл ажиллагааны нийт мөнгөн орлого болон бизнестээ зарцуулсан нийт мөнгөн зарлагыг харуулдаг.Орлогын тайланд тусгагдсан цэвэр ашиг нь зөвхөн бүртгэлийн ашиг байдаг. Санхүүгийн бүртгэлийг аккруэл сууриар бүртгэдэг. Аккруэл суурь гэдэг нь мөнгөний орох гарах хөдөлгөөнд үндэслэгдэж бус гүйлгээ гарсан тухай бүр бүртгэхийг хэлдэг. Одоо үүнийг жишээн дээр ойлгоцгооё.
Танай байгууллага А компанид 1 сая төгрөгийн борлуулалт хийсэн бөгөөд тус компани 80%-ийн урьдчилгаа өгч, үлдсэн 20%-иа сарын дараа төлөхөөр болжээ гэж үзье.
Үүнийг Орлогын тайланд тусгахдаа гэрээний нийт дүн болох 1 сая төгрөг нь борлуулалтын орлого болж бүртгэгдэнэ. Харин урьдчилж төлөгдсөн 0,8 сая төгрөг нь таны Мөнгөн урсгалын тайланд орох бол үлдэгдэл 0,2 сая төгрөг нь Балансад авлага гэж бүртгэгддэг.
Үүнээс үзэхэд Орлогын тайланд бүртгэгдсэн орлого нь 100% мөнгөөр төлөгдөөгүйг харуулж байна. Өөрөөр хэлбэл авлага өндөртэй байгууллагын орлогын чанар муу тул цэвэр ашигт үндэслэн зээл олгох шийдвэр гаргах нь эрсдэлтэй юм.
Дээрх жишээнээс харвал зээлдүүлэгч болон хөрөнгө оруулагчид цэвэр ашгийг тань харахаас илүүтэйгээр ирээдүйд таны бизнес хэр их мөнгийг суллах боломжтойд буюу мөнгөн урсгалын тайланд тань үндэслэн шийдвэрээ гаргадаг байна.
Иймд бизнес эрхлэгч та цэвэр ашгаасаа илүү мөнгөн урсгалын тайлангаа тогтмол төлөвлөж, энэхүү төлөвлөгөөтэйгээ гүйцэтгэлээ уялдуулж сайжруулснаар, мөнгө дутагдах эсвэл их хэмжээний мөнгийг дансандаа ашиглахгүй үнэгүйдүүлэхээс хамгаалж чадна.