Монгол Улсын Төрийн шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, Зууны манлай уртын дууч Намжилын Норовбанзадын 85 насны ой энэ онд тохиож байгаа билээ. Ойг тохиолдуулан Соёл Урлагийн Их сургууль, Норовбанзад сан, Монголын уртын дууны холбоо хамтран Намжилын Норовбанзад агсны нэрэмжит уртын дуучдын Олон улсын анхдугаар уралдааныг есдүгээр сарын 8-10-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байна. Тэмцээнд оролцогчдыг наймдугаар сарын 5-ны өдрөөс есдүгээр сарын 5-ны өдрүүдэд 09:00-17:00 цагийн хооронд СУИС-ийн 211 тоотод бүртгэх аж. Тэмцээн А, Б гэсэн хоёр зэрэглэлээр явагдах бөгөөд тэргүүн байр зургаан сая төгрөгийн шагналын сантай юм байна. Зууны манлай уртын дууч Намжилын Норовбанзад 1961 оны Ардын хувьсгалын 40 жилийн ойн баярт "Уяхан замбуутивийн наран" дуугаа дуулсан нь Монголд төдийгүй дэлхий дахинд өөрийгөө харуулж чаджээ. Тэрбээр “Уяхан замбуутивийн наран” дуугаа дуулахдаа нэгэн ер бусын гайхамшигт ертөнцөд нисэн хүрэх мэт болж, үлэмж жаргал эдэлдэг юм даа” хэмээн нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг. Уншигч та бүхэнд Зууны манлай уртын дууч Н.Норовбанзад агсны “Уяхан замбуутивийн наран” дууг хүргэе.