Рио де Жанейрод ирсэн спортын фэнүүдэд зөвхөн олимпийн тэмцээн үзээд зогсохгүй өөрсдөө тус спортоор хичээллэж, ямар байдгийг мэдрэх, өөрийгөө сорих боломжийг зохион байгуулагчид олгож байна.
Наадмын эхний долоо хоногт "Самбодром" ордонд байт харваа үзэхээр ирсэн тасалбартай фэнүүдэд нум сумны үнэгүй хичээлийг мэргэжлийн дасгалжуулагчид өгч байсан. Эгнүүлэн байрлуулсан арван бай руу дурын үзэгчид сум тавьж болох бөгөөд тэмцээнээс дутахааргүй хөл хөдөлгөөн тэр үед үүссэн байлаа.
***
100 жилийн дараа олимпод эргэж ирсэн регбигийн спортоор хичээллэх боломжийг ч "Деодора олимпийн парк"-н зохион байгуулагчид бүрдүүлсэн байв. Харин Кариоча 3 аренад туялзуур сэлэмний үнэгүй сургалт, зааварчилгаа, үзүүлбэр тоглолтууд явагдаж байв.
Олон улсын туялзуур сэлэмний холбооны ерөнхийлөгч Алишер Усманов "Туялзуур сэлмийг хүмүүст таниулж түгээн дэлгэрүүлэх нь бидний үүрэг. Шинэ дүрэм, шинэ технологи манай спортыг сонирхогчдын хүрээг нэмнэ гэдэгт итгэлтэй байна. Риогийн олимп туялзуур сэлмийг Өмнөд Америкт хөгжих гүүр болно гэж найдаж байна. Европчууд шиг сэлмийг энд хүмүүс тэгтлээ мэддэггүй юм" хэмээн ярив.
***
Наадмын хөтөлбөрт эргэж ирсэн гольфийн холбооныхон ч гэсэн үзэгчдэд спортоо ойртуулж, илүү өргөн таниулах тал дээр шинэлэг, санаачлагатай ажил өргөн өрнүүлж байна. Тухайлбал 8 сарын 11-14, 17 - 20 гэсэн хоёр хөтөлбөрөөр үзэгч, сонирхогчдод гольф симулатор, 6 нүхт програм, 10 метрийн сорилт зэрэг сонирхолтой үйл ажиллагаануудыг зохион байгуулж байна. Наадмын дараа эдгээр тоног төхөөрөмжүүд Бразилын гольфийн холбоонд хандивлагдах юм.
"Үзэгчид бол ямар ч спортын хувьд чухал хэсэг. Олон улсын гольфийн холбоо Bridgestone-той хамтарч олимпийн анхны гольфийн фэн-бүсийг байгуулж, олон үйл ажиллагаа явуулж байна" хэмээн тус холбооны захирал Антони Сканлон ярив.
"112 жилийн дараа гольф олимпод эргэж ирсэн. Тийм болохоор алдсан хугацааг нөхөж, энэ спортыг илүү хурдтай хөгжүүлэхийн тулд бид цаашдаа олон шинэ санаачлага гаргана"
Мөн бадминтон, бокс, морин спортын орднууд ч фэнүүдэд зориулсан үйл ажиллагаа явуулж байна. Тухайлбал Деодорагийн морин спортын төвд фэнүүд мэргэжлийн тамирчдын бэлтгэлээ хийдэг механик морийг унаж балансаа шалгахаас гадна зургаа авахуулах боломжтой.
***
"Хүмүүст спортыг илүү таниулж , тамирчдад ямар байдгийг мэдрүүлснээр бид үзэгчдийнхээ хүрээг өргөжүүлнэ гэж найдаж байна" хэмээн олон улсын морин спортын холбооны нарийн бичиг Сабрина Ибанес ярив.
"Энэ бол эрэгтэй, эмэгтэй, насны зааг байдаггүй спорт. Гол нь морь, хүн хоёрын нандин, өвөрмөц харилцаа, ойлголцол хамгийн чухал"
"Морин спорт олимпийн хөдөлгөөнд нэгдээд 104 жил болж байна. Цаашдаа ч олон хүнийг хамарна. Тиймээс шинэ үеийн залуусыг татаж, энэ спортын сайхныг таниулах нь тун чухал"