21 настай Жозеф Скүүлинг 100 метрийн эрвээхэй сэлэлтэд Майкл Фелпсийг ардаа орхин түрүүлж, Сингапурын анхны олимпийн аварга боллоо. Тэрээр 50.39 секундэд зайгаа туулж тив, дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон юм.
Олимпийн домог Фелпс 51.14 секундээр аман хүзүүдэж карьерийн 27 дахь олимпийн медалиа зүүсэн бөгөөд 2-р байрыг түүнтэй хамт ижил цагаар Өмнөд Африкийн Чад Ле Клос, Унгарын Лашло Чех нар хуваалцсан.
2008 оны Бээжингийн олимпийн үеэр 13 настайдаа Фелпстэй хамт авахуулсан зураг нь Жозефийн амжилтыг улам бүр онцгой болголоо. Интернетэд "Шүтээнийхээ өмнө гишгэсэн" хүүгийн түүх хурдтай тархаж байна.
Тэрээр "Сэтгэл догдлоод юу гэж хэлэхээ мэдэхгүй байна. Жаахан тайвшрахгүй бол толгойд олон юм эргэлдээд байна. Мөрөөдөл үнэхээр биелдэг юм байна. Гэхдээ гагцхүү хүч хөдөлмөр л үүнд хүргэнэ" хэмээн ярив.
Үндэсний баатартаа Сингапурчууд сошиал медиагаар дамжуулан баяр хүргэж буйн дотор тус улсын ерөнхий сайд ч багтана. Ли Сяньлун "Энэ бол манай улсын түүхэн дэх анхны олимпийн бас Риогийн анхны алтан медаль. Эх орныхоо нэрийг өндөрт мандуулсан Жозеф Исаак Скүүлингэд чин сэтгэлээсээ халуун баяр хүргэе. Чи дэлхийн шилдэг нь байлаа" хэмээсэн бичлэг мянга мянган like share цуглуулсан байв.
1995 онд төрсөн Жозефийн амжилт гэхдээ усанд сэлэлтийн мэргэжилтнүүдэд гэнэтийн зүйл биш. Тэрээр 2014 оны Азийн наадамд энэ төрөлдөө аваргалсан бол өнгөрсөн жилийн Казанийн ДАШТ-аас хүрэл медаль хүртсэн юм.