Мо Фара Лондонд авсан 10 мянган метрийн алтан медалиа хамгаалж Их Британий түүхэнд олимпийн гурван алттай анхны хөнгөн атлетикч боллоо. 33 настай тэрээр нийт зайгаа 27 минут 05 минут 17 секундэд туулсан бөгөөд уралдааны дундуур хөл алдан унасан ч гэсэн сүүлийн 100 метрт тэргүүллийг дахин авч аварга болсон. Мөнгөн медаль Кенийн Пол Тануй (27:05.64), хүрэл Этиопын Тамират Тола (27:06.26)-д тус тус очив.
"Би энэ алтыг гурван хүүдээ зориулж байна. Харин одоо хамгийн бага хүүдээ тусгайлан зориулж дахиж нэг алт авмаар байна" хэмээн Фара ярив. Тэрээр Лондонд авсан 5000 метрийн алтан медалиа хамгаалахаар удахгүй өрсөлдөх юм.
Хэрэв амлалтдаа хүрэх аваас Мо, домогт Лассе Виренээс хойш хоёр олимп дараалан холын зайн хоёр төрөлд аваргалсан анхны тамирчин болох юм. Финлянд тамирчин 1976 оны наадамд дээрхи амжилтыг үзүүлж байв.
Энэ өдөр Мо нэгэн амаргүй сорилтыг давсан. Барианд орохоос 16 тойргийн өмнө тэрээр өөрийн бэлтгэлийн хамтрагч Гален Руппт санамсаргүй түлхүүлж хөл алдан унасан. Гэхдээ алдсан цагаа нөхөж тэмцсээр тэргүүн байр эзэлсэн юм.
"Би бууж өгөхийг хүсээгүй. Гэр бүл маань нүдэнд харагдаж байлаа. Тэр л намайг хүчлэн зүтгэхэд нөлөөлсөн. Бас өөртөө ч итгэсэн"
Риогийн олимпийн хөнгөн атлетикийн 5000 метрийн гүйлт 8 сарын 16-нд явагдана.
- Г.Баярсайхан