Бага насны хүүхдээ гэртээ асарч байгаа ээжүүддээ хэрэг болох дараах мэдээллийг бэлтгэн хүргэж байна. Жирэмсэн болон хөхүүл ээжүүд хөдөлмөрийн хуулинд дараах эрхийг эдлэх ёстой юм байна. Анхаарлаа нааш хандуулаарай.
1. Жирэмсэн эмэгтэй, 3 хүртэл насны хүүхэдтэй эхийг ажлаас халахыг хориглох. Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно. /Сахилга батын ноцтой зөрчил гаргаагүй бол гэсэн үг шүү. Хэрэв жирэмсэн байх эсвэл хүүхдээ харж байх хугацаанд таныг халж өөр хүн авсан бол зарга үүсгэх эрхтэй гэсэн үг/
2. Хүүхэд хөхүүлэх, асрах завсарлага нэмж олгох. Амрах, хооллох, нийтийн завсарлагаанаас гадна хүүхдээ хөхүүлэх, асрахад зориулан 6 сар хүртэлх насны хүүхэдтэй буюу 1 хүртэлх насны ихэр хүүхэдтэй эхэд 2 цагийн, 6 сараас нэг хүртэлх насны, түүнчлэн нэг нас хүрсэн боловч эмнэлгийн дүгнэлтээр зайлшгүй асаргаа шаардагдах хүүхэдтэй эхэд нэг цагийн завсарлага нэмж олгоно.Хүүхэд хөхүүлэх,асрах завсарлагыг ажилласан цагт оруулан тооцно.
3. Хүүхэд асрах чөлөө олгох. Ажил олгогч нь амаржсаны болон ээлжийн амралтаа эдэлсэн, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх эцэг өөрөө хүсвэл түүнд хүүхэд асрах чөлөө олгоно. Хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд хэрэв орон тоо нь хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол түүнд өөр ажил олж өгнө.
4. Шөнийн буюу илүү цагаар, албан томилолтоор ажиллуулахыг хязгаарлах. Жирэмсэн эмэгтэй, найм хүртэлх насны хүүхэдтэй эх, 16 хүртэлх насны хүүхэдтэй ганц бие эхийг өөрөө зөвшөөрөөгүй тохиолдолд шөнийн буюу илүү цагаар, түүнчлэн албан томилолтоор ажиллуулахыг хориглоно.
5. Жирэмсэн эмэгтэй,хөхүүл хүүхэдтэй эхийн ажлын цагийг хорогдуулах буюу өөр ажилд шилжүүлэх. Хөдөлмөрийн нөхцөлийг хөнгөлөхөөр эмнэлгийн дүгнэлт гарсан бол жирэмсэн, хөхүүл хүүхэдтэй эмэгтэй хүний ажлын цагийг хорогдуулах буюу эрүүл мэндэд нь харшлахгүй өөр ажилд шилжүүлж болно. Жирэмсэн, хөхүүл хүүхэдтэй эмэгтэй хүнийг энэ хуулийн 107.1-д зааснаар эрүүл мэндэд нь харшлахгүй өөр ажилд шилжүүлсэн хугацаанд цалин хөлс нь буурсан бол түүний урьд авч байсан болон одоо авч байгаа цалин хөлсний зөрүүтэй тэнцэх олговор олгоно. Бусад нарийн ширийн асуудлууд нь компанитайгаа хийсэн хөдөлмөрийн гэрээгээр зохицуулагдана. Дээрх бүх заалтууд ганц бие эцгүүдэд бас хамаарах аж. Дэлгэрэнгүйг хуулиыг дараах линкээр үзэх боломжтой.