Спорт бол өөрчлөлтийн эхлэл хэмээн олимпийн анхны дүрвэгсдийн багийн дасгалжуулагч Жеральдо Бернардес ярьж байна.
"Спортын хүчийг дутуу үнэлж болохгүй. Дэлхийг өөрчлөх хүч энд бий. Спорттой холбогдсоноор хүн нэр төр, хариуцлагаа ухамсарлах нь нэмэгдэж, илүү ёс зүйтэй, шударга болдог"
Дүрвэгч тамирчдын багт зориулсан ОУОХ-ны хэвлэлийн бага хуралд мөн тус багийн зохицуулагч Софи Эдингтон, багийн ахлагч Изабела Мазао нар оролцож сэтгүүлчдийн асуултанд хариулсан юм.
"Эдгээр тамирчдын амжилт дэлхий нийтийн анхаарлыг дүрвэгсдийн асуудалд илүү нухацтай хандуулна гэж найдаж байна. Энэ бол зөвхөн олимпийн наадам биш. Харин хүн төрөлхтнийг нэгтгэх, эв нэгдлийн илэрхийлэл, сайн сайхныг түгээх тавцан учир бид энэ боломжийг алдаж болохгүй" хэмээн Изабела Мазао ярив.
Бразилд гурван жил амьдарч буй Ардчилсан Конго улсын дүрвэгч жүдоч Йоланде Мабика, Попле Мисенга нар дасгалжуулагч Бернардесийг эцгээ хэмээн хүндэлдгээ ярив. Жилийн өмнө Бернардес тэднийг жүдо рүү буцаан оруулж, олимпод оролцох замы нь зассан юм.
Йоланде Мабика 70 кг-ийн жинд зодоглож Израйлын Линда Болдерт дийлдсэн юм. Тэрээр хэвлэлийн бага хурал дээр Португалиар олимпийн аялалынхаа тухай ярьсан юм.
"Миний дараагийн зорилго Токио 2020. Гэр бүл, ойр дотны хүмүүсээсээ хол байхад спорт л миний авралын гарц байлаа. Цаашдаа ч байх болно. Энэ бол миний амьдралын чиг шугам"
Попле Мисенга наадмын нээлтийн ёслол болон Кариоча аренад өөрийг нь хөгжөөн дэмжигчид хэрхэн халуун дотноор угтаж авсныг сэтгэл хөдлөн ярьсан юм.
"Хэдий би дэлхийн аваргад ялагдаж тэмцээнээс хасагдсан ч гэсэн ялснаас ялгаагүй санагдсан. Цааш урагшлах хүслийг минь бадраасан гэхэд болно" хэмээн 90 кг-ийн жүдоч ярив. Пополе болон Йоландегийн олимпийн мөрөөдөл цааш үргэлжилнэ.
- Зураг: Дүрвэгч тамирчид - Попле Мисенга (зүүн), Йоланде Мабика (баруун)
Сэтгэгдэл (1)