Бразилийн Рио-де-Жанейро хотноо болж буй Зуны Олимпийн XXXI наадам өнөөдөр долоо дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна. Энэ өдөр олимпийн наадмын боксын тэмцээний медалийн төлөөх сонирхолтой тоглолтууд эхлэх юм. Тэр дундаа манай боксчид медалийн төлөөх тулааныг эхлүүлэх гэж байна. Тодруулбал, эрэгтэй 60 кг-ын жинд Д.Отгондалай Алжирын боксчин Реда Бенбазиз-тай хүрэл медалийн төлөө тулалдана. Манай боксчин эхний тойрогт хийлж, Нидерландын боксчин Энрико Лакрусаг хожин шөвгийн наймд үлдээд байсан. Энэхүү тоглолт маргааш өглөөний 06.00 цагт болно.
Манай боксын шигшээ баг зургаан тамирчинтай олимпийн наадмын зорьсон. Эдгээрээс 49 кг-д Г.Ган-Эрдэнэ, 69 кг-д Н.Түвшинбат нарын тэмцээн өндөрлөөд байгаа юм.
Мөн шөнийн 01.08 цагт Б.Дөлгөөн усанд сэлэлтийн 50 м өврөөр даллах эрэгтэйчүүдийн төрөлд оролцож 60 дугаар байрт орон тэмцээнээ өндөрлүүлээд байна. Уг төрөлд нийт 87 тамирчин хүч чадлаа сорьсон юм. Харин өнөөдөр шөнийн 01.08 цагт усанд сэлэлтийн 50 метрийн өврөөр даллах эмэгтэйчүүдийн төрөлд Б.Есүй өрсөлдөнө.
Олимпийн наадмын эхний өдөр эхэлсэн жүдо бөхийн төрлийн тэмцээн өнөөдөр өндөрлөх юм. Өчигдөр -100 кг-ын жингийн барилдаан болж олимпийн алт, мөнгө медальт монголчуудын хайртай аварга Н.Түвшинбаяр эхний тойрогтоо Кубын бөх Арментерос Хосетой учраа таарч юко үнэлгээгээр ялагдаж тэмцээнээ өндөрлүүлсэн юм.
Мөн эмэгтэйчүүдийн -78 кг-ийн жинд барилдсан П.Лхамдэгд эхний тойрогтоо Унгарын бөх Жо Абигельтэй таарч ялагдаж тэмцээнээ өндөрлүүлсэн. Түүний зүүн мөрний гэмтэл тэмцээний үеэр сэдэрсэн юм.
Харин өнөөдөр эрэгтэйчүүдийн +100 кг, эмэгтэйчүүдийн +78 кг-ын жингийн барилдаан үлдээд байна. Олимпийн наадамд тугчийн үүргийг гүйцэтгэсэн Б.Тэмүүлэн энэ өдөр барилдана. Эрэгтэй +100 кг-ын жинд 31 орны жүдоч өрсөлдөнө. Б.Тэмүүлэн "А" хэсэгт багтсан бөгөөд Алжирын бөх Амине Мохаммед Таеб-тэй эхний барилдаанаа хийнэ. Алжирын бөх 30 настай, 2013 онд Рио хотод болсон дэлхийн аваргад 17-р байранд шалгарч байжээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (6)