Эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд зодоглосон ОУХМ Ц.Цогтбаатар Рио наадмын хамгийн эхний жүдогийн барилдааныг хийсэн. Тэрээр эхний өрсөлдөгч, Пан Америкийн нээлттэй тэмцээний мөнгөн медальт Гветемалын тамирчин Хорхе Рамосыг, дараагийн өрсөлдөгч Финляндын бөх Юхо Рэйнваллыг тус тус цэвэр ялж, 3-р тойрогт үлдсэн юм. Ялбал хэсгийн аваргын төлөө тунаж үлдэн, цаашлаад медалийн төлөө барилдах эрхтэй болох чухал барилдаанаа ДАШТ-ий хүрэл медальт, дэлхийн чансааг тэргүүлэгч БНСУ-ын Ким Вон-Жинтэй хийж, ялагдлаа. Тэрбээр юүко үнэлгээгээр тэргүүлж явсан ч вазари алдан ялагдал хүлээв. Энэ жил 20 настай Ц.Цогтбаатар анхны олимпдоо оролцон, шөвгийн 16-д үлдсэн амжилттай тэмцээнээ өндөрлүүллээ.
Эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд дэлхийн чансааг тэргүүлэгч МУГТ, Дэлхийн аварга М.Уранцэцэгт олон хүн найдлага тавьж байлаа. Эхний тойрогтоо гоц мөргөсөн тэрээр 2-р тойрогт Францын туршлагатай бөх Л.Пайеттай барилдан гарт өчих мэхээр цэвэр ялсан. Пайет болон Урнаагийн хоорондын барилдааны харьцаа 1:1 байсан бөгөөд хайнаа салгах барилдаанд манай бөх илүүрхсэн нь энэ юм. Улмаар хэсгийн аваргын төлөө өнгөрсөн зун Кванжугийн Универсиад наадамд хагас шигшээд ялагдсан БНСУ-ын бөх Жон Бокёонтой барилдсан. Гэсэн ч манай бөх дүрмийн бус алдаа гаргасан гэсэн үндэслэлээр торгуульж, улмаар харамсалтай ялагдал хүлээсэн юм.
Дагах барилдаанд М.Уранцэцэг нутгийн гол найдвар, Лондоны олимпийн аварга С.Менезестэй барилдаж, мөн гарт өчиж цэвэр ялж, хүрлийн төлөө барилдах болсон. Түүний хүрэл медалийн төлөөх өрсөлдөгч нь Японы бөх А.Кондо байсан бөгөөд 2 бөхийн барилдаан энэ тэнцүүхэн өрнөсөөр цаг дуусах мөчид юко үнэлгээ алдсанаар хожигджээ. М.Уранцэцэг Лондоны олимпод шагналт 7-р байрт орж байсан удаатай юм.
Энэ жинд зодоглосон Казахстаны нэрийн өмнөөс барилдаж буй монгол бүсгүй Г.Отгонцэцэг Кубын бөхийг ялснаар хүрэл медалийн эзэн болжээ. 2015 оны дэлхийн аварга Аргентиний П.Парето энэ жинд түрүүллээ
Сэтгэгдэл (1)