Дэлхийн 17 хотод гарч, 3 олон улсын кино наадмын шагнал хүртсэн, АНУ-ын найруулагч Лорен Нэппийн “LIVE from UB” буюу “Улаанбаатараас шууд дамжуулж байна” баримтат кино нь 8-р сарын 6-ны өдөр Тэнгис кино театрт 18.00 цагт Монгол дахь нээлтээ хийнэ. Энэхүү киноны нээлт нь АНУ-ын ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр үнэ төлбөргүй үзүүлж байгаа ба суудлын тоо хязгаартай, түрүүлж ирсэн дарааллаар оролцоно. Тэнгис кино театрт нэг өдөр гарах боловч, үүний дараагаар СУИС, Хөгжим бүжгийн коллеж зэрэг газруудын фондод бэлэглэж, цаашид энэ киног үзэх боломжтой болгох юм.
Киноны нээлтийн дараа долоо хоногт “Монгол рок н ролл” нэртэй хэлэлцүүлэг 8-р сарын 12-ны 19.00 цагаас Гэгээнтэн Энтертайнмент төвийн CUE+ кафед болно. Хэлэлцүүлэгт Моханик хамтлаг, HiFi Records, Нисванис, The Colors хамтлагийн уран бүтээлч, продюсерүүд энэхүү кинонд оролцсон тухайгаа, Монголын рок-н-ролл хөгжмийн урсгал дэлхийд цаашаа хэрхэн хөгжих боломжтой талаар хэлэлцүүлэг өрнүүлнэ. Мөн хөгжмийн салбарын нөлөө бүхий уран бүтээлч, продюсерууд оролцох ба Моханик хамтлаг концерт тоглох юм байна.