2016 оны 7 сарын 25-аас 8-р сарын 1-ний хооронд ӨМӨЗО-ны Хөх хотод болсон 12 хүртэлх насны өсвөрийн хөлбөмбөгийн ОУ-ын тэмцээнд Дэрэн клубын тоглогчид амжилттай оролцож, дэд аваргаар шалгарлаа.
Залуу Дэрэнчүүд маань өнөөдөр сүүлчийн тоглолтоо хийж, өрсөлдөгчөө 10:0 харьцаатай илт давуу буулган авсан юм. Ингээд гоолын зөрүү +16 болсон хэдий ч бидэнтэй ойрхон өрсөлдөж байсан Сиян хотын баг манай дараа тоглохдоо 17:0 ээр хожил байгуулж, ердөө ганцхан гоолын зөрүүгээр аваргын болзол хангалаа.
Хэдийгээр нэг ч хожигдолгүй, 12 тоглохдоо 11 хожиж, тэмцээний турш 93 гоол оруулж, 4-ийг алдсан манай хүүхдүүд яах аргагүй энэ удаагийн тэмцээний шилдгүүд нь байж чадсан юм. Тоглогчдын ур чадвар, хоорондын ойлголцол, тоглолтын арга барил нь өрсөлдөгч Хятадуудыг дуу алдуулж байсныг зохион байгуулагчид нь онцлон хэлж байлаа.