МИАТ-ыг тойрсон балаг дуусахгүй нь. Байсхийгээд л ослын буулт хийж, зорчигчдынхоо зүрхийг амаар нь гаргах шахдаг тус компанийхан нэг хэсэг дарга цэрэггүй хээл хахуулийн хэрэгт холбогдон ороогдож байсан ч өнгөрсөн жилээс энэхүү асуудал нь бага зэрэг намжсан.
Гэвч балаг нь дуусахгүй үргэлжилсээр зорчигчдоо хохироож, айлгасаар л байна. Хамгийн сүүлд гэхэд Ховд-Улаанбаатар чиглэлийн ОМ7056 дугаар аялал гүйцэтгэсэн El-CXV бүртгэлийн дугаар бүхий агаарын хөлөгт гэмтэл гарч зорчиж байсан 100 орчим хүнийг багагүй сандаргав. Тиймээс МИАТ-ынхан иргэдэд хэрхэн үйлчилж, үйл ажиллагаагаа явуулж байгаа талаар түүхийн хуудсыг эргэн сөхөж, 24 баримтаа хүргэж байна.
2016 оны 5 сарын 3-ны өдөр
Баримт 1. Уржигдар буюу энэ сарын 3-ны өдөр 15:35 цагт Ховдоос Улаанбаатарыг зорих гэж байсан МИАТ ХК-ийн ОМ7056 нислэгт техникийн ноцтой доголдол гарч, зорчигчдыг түгшээлээ.
Баримт 2. Энэ талаар тус онгоцонд сууж явсан нэгэн зорчигч “Ховд Улаанбаатар чиглэлийн МИАТ компанийн Бионг737 онгоц Ховд хотоос хөөрөх үедээ ноцтой осол гаргах дөхлөө. Одоо онгоц гэмтсэний улмаас нислэг тодорхойгүй хугацаагаар хойшиллоо” гэж өөрийн цахим хуудаснаа мэдээлж, олон нийтэд түгсэн.
Баримт 3. Харин МИАТ компани өөрийн фэйсбүүк хуудаснаа “Нислэг саатлын мэдээлэл. 5-р сарын 3-ны өдрийн Ховд-Улаанбаатар чиглэлийн ОМ7056 аялал хөөрөлтийн өмнөх гүйлтийн техникийн саатал гарсан тул үзлэг хийх шаардлагатай боллоо. Иймд тус аялал тодорхойгүй хугацаагаар хойшилж байна. Бид уг нислэгээр саатсан зорчигчдыг Улаанбаатар хотод өөр агаарын хөлгөөр тээвэрлэн ирүүлэхээр ажиллаж байна” гэжээ.
Баримт 4. МИАТ-ын "Боинг” онгоц хөөрөхөөр хурдаа авах үед нэг талын дугуй нь салж унаснаас болж осол болох шахжээ.
Баримт 5. Онгоцонд нийтдээ 95 зорчигч, хөлгийн багийн гишүүдийг нэмээд 100 гаруй хүн байсан бөгөөд тэдний амь насанд аюул заналхийлэв.
Баримт 6. ИНЕГ-аас Улаанбаатар-Ховдын чиглэлд 162 хүний суудалтай том оврын агаарын хөлгөөр нислэг үйлдээд сар хүрээгүй байхад ийм ноцтой осол гарах дөхсөн нь иргэдийг айдаст автуулахад хүргээд байна.
2015 оны 10 сарын 3-ны өдөр
Баримт 7. Өнгөрсөн оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 09:15 цагт Улаанбаатар-Москва-Берлин чиглэлийн ОМ -135 дугаарын нислэг Берлин хотод буух ёстой цагаасаа гурван цаг хоцорж буув.
Баримт 8. 13:25 цагт газардах ёстой байсан онгоц 17:20 цагт буусад учрыг Новосибирск хотод Нийслэлийн захиргааны төлөөлөгчдийг буулгах гэж саатсантай холбон тайлбарлаж байсан юм.
Баримт 9. Тухайн үед визан дээр огт тэмдэглэгдээгүй буулт хийж, бүх зорчигч болон бүх ачаагаа буулгад тухайн онгоцны буудалд хоёр цаг болсон байна. Энэ хугацаанд үлдсэн зорчигчдынхоо тав тухыг хангаж ажиллаж чадаагүй гэдгийг зорчигчид мэдээлж байлаа.
Баримт 10. Төлөвлөгөөгүй буултаас болж зарим хүн дараагийн нислэгээсээ хоцрох, төлөвлөсөн арга хэмжээндээ очих чадахгүйд хүрсэн байна.
Баримт 11. МИАТ компани Новосибирск хотод газардаж, саатах талаараа зорчигчдод урьдчилан мэдэгдээгүй аж.
Баримт 12. Нислэг хоцорсны улмаас гарсан зардал нь 1,600 евро болсон бөгөөд холбогдох журмын дагуу шийдвэрлэжээ.
Баримт 13. 2015.10.12-ны өдөр: Зам тээврийн сайд М.Зоригт “МИАТ-ийн онгоц зорчигчдод урьдчилан мэдэгдэлгүйгээр Новосибирскт гурван цаг саатсан тул МИАТ-ын захирал Г.Жаргалсайханд арга хэмжээ авах болно" гэдгээ мэдэгдсэн.
Баримт 14. 2015.10.19-ны өдөр: ИНЕГ-ын ТУЗ хуралдаж “МИАТ” ТӨХК-ийн захирал Г.Жаргалсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв. Түүний ажлаас нь чөлөөлөх болсон шалтгааныг Г.Жаргалсайхан нь тэтгэвэртээ гарах хугацаа болсон хэмээн тайлбарласан ч Новосибирск хотод МИАТ-ын онгоц 3 цаг саатсан асуудал гол үндэслэл болсон.
Баримт 15. Новосибирскт саатсан онгоцны талаар МИАТ-ын захирал асан Г.Жаргалсайхан “Саяын нислэгийн тухайд манай онгоц 100 хүнтэй зорчсон бөгөөд Новосибирскээс 30 гаруй зорчигч суулган, орлогоо нэмэгдүүлсэн. Энэ бол байдаг л нэг бизнесийн хэлбэр” хэмээн тайлбарласан юм.
Баримт 16. Өнгөрсөн жилүүдэд Г.Жаргалсайхан захирлын тушаалаар Баянхонгор аймгийн “Нүхт-тур” компанид 200 сая төгрөгийг шилжүүлдэг байсан гэх мэтчлэн санхүүгийн хэргийн шинжтэй үйлдэл олон байгаа учир АТГ-т шалгуулна хэмээн тус газрын Бодлогын хэлтсийн дарга С.Билэгсайхан мэдээлж байжээ.
2014 оны 6 сар 20-ны өдөр
Баримт 17. Өдгөөгөөс хоёр жилийн өмнө Сөүлээс Улаанбаатарын чиглэлд ниссэн МИАТ компанийн ОМ302 аяллын дугаартай “Боинг 767″ онгоц зорчигчдоо айлгаж сандаргасаар байгаад арайхийж Чингисхаан буудалдаа газардсан тухай мэдээлэл олныг цочирдуулав.
Баримт 18. Уг онгоц агаарт хөөрөөд цаг орчим болсны дараа урд талын бүхээгний дээд талаас утаа гарч эхэлжээ. Юуг бүү мэд нэг юм шатах гээд ч байгаа юм уу ямар ч гэсэн утаа гараад байж. Тухайн үед зорчигчид дор бүрнээ сайн муу элдвийг бодож хэсэгтээ л тайвширч чадахгүй байсан гэлцэнэ. Онгоцны үйлчлэгч бүсгүй утаа руу галын хор цацаж дараа нь агааржуулалтын системээр утааг соруулсан байна.
Баримт 19. Сандарсан зорчигчид нисэх багийнханд “Бээжинд бууж онгоцны техникийн аюулгүй байдлыг хангах хэрэгтэй гэж шаардсан ч багийнхан “ийм гэмтэл үндсэн эд ангид нөлөөлөхгүй тул аюулгүй” гээд нислэгийг цааш үргэлжлүүлсэн байна. МИАТ-ийнхны ярьснаар, техникийн дутагдлаас болж нислэгийн үед цахилгааны гэмтэл гарсан нь тэр аж.
Баримт 20. Энэ сарын 05-ны өдөр Москва хотоос хөөрөхөөр гүйлт хийж байхдаа зүүн хөдөлгүүрийн панель мултарснаас нислэгийг цуцлан шаардлагатай сэлбэгийг тавьж 2 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод ирсэн юм. Энэ мэт техникийн зөрчил, дутагдал үргэлжлэн гарч, энэ хэрээр нислэг саатах нь ихэссэн тухай Засгийн газрын хуралдааны үеэр яригдав.
2013 оны нэгдүгээр сарын 21-ны өдөр
Баримт 21. Эл өдөр “Дайны эрсдэлийн даатгал” нэртэй 700 сая ам.долларын хуримтлалын мөнгөөр хэдэн дарга нар нь тоглож байна гэх мэдээлэл цацагдав. 2004 оноос хойш хуримтлагдсан энэ их мөнгө дайн байлдаан, элдэв халдлага тохиох хүнд хэцүү цаг мөчид хэрэглэх зориулалттай нөөц хөрөнгө аж.
Баримт 22. Гэтэл үүнийгээ “МИАТ”-ийн удирдлагууд нууцаар гадаадын банкууд, томоохон компаниуд руу гуйвуулсан нь олны анхаарлыг татах болсон. Учир нь манай улстай агаарын замаар харилцдаггүй орнуудын санхүүгийн данс руу дээрх мөнгө орсныг нийслэлийн Прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж тогтоосон байна.
Баримт 23. МИАТ-ийн Каммер, Санхүүгийн албаны даргын ажлыг 2005-2010 он хүртэл хашсан, “Монголиан Эйрлайнес” гэх хувийн асар том авиакомпанийг 2011 онд байгуулсан Чинбатын Хоролсүрэнг цагдан хорьжээ. Энэ хүн бол бидний мэдэхээр МАИТ буюу “Монголиан эйр транспорт” гэх ачаа тээврийн монополь компанийн эзэн. Түүний дүү Ч.Суурьтогтох, Н.Гантөмер нарыг мөнгө угаасан гэх энэ хэрэгт холбогдуулан саатуулсан байна. Дараачийн хүн бол МИАТ ХК-ийн гүйцэтгэх захирлын албыг 2009-2010 онд хашиж байсан, гавьяат нисгэгч Р.Бат-Эрдэнэ. Мөн тус компанийн гүйцэтгэх захирлын албыг 2010-2012 он хүртэл хашсан. Ц.Орхон болон түүний эхнэр Ү.Цэцэгмаа нарыг баривчилжээ. Түүнчлэн С.Батхишиг гэдэг хүнийг хуулийнхан саатуулжээ. Энэ хүн МИАТ ХК-д ажиллаж байгаагүй. Харин тус компанийн “толгой” болох Төрийн өмчийн хороонд удирдах албан тушаал хашиж байжээ.
Баримт 24. 2001 оны есдүгээр сарын 11-ний өдрийн АНУ-д болсон террорист халдлагаас хойш олон улсын авиакомпаниудын холбоо авиакомпаниудад болзошгүй дайны эрсдлийн хураамжийг зорчигчийн тийзний үнэд давхар шингээн авч, хэрэгтэй үед хэрэглэхийг зөвлөсөн байдаг. Үүнээс улбаалаад 2001 оны аравдугаар сарын 15-наас эхлэн МИАТ ХК нь зорчигч бүрийн тийзний үнэ дээр таван ам.доллар нэмж авсан байдаг. Энэ нь МИАТ ХК-ийн орлогод бичигдэж байгаад 2007 оноос эхлэн нэг л өдөр гэнэт зарлага болон бичигдэж гадаад улс руу, нэр нь үл мэдэгдэх, хуурамч компани руу хэдэн арван тэрбумаараа урсаж эхэлсэн байдаг аж.
24tsag.mn
Сэтгэгдэл (7)