Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг УИХ-аар хэлэлцэж буйтай холбогдуулан Монголбанкны Мөнгөний бодлого, судалгааны газрын захирал Д.Болдбаатараас дараах тодруулгыг авлаа.
- Төрийн мөнгөний бодлогын хүрээнд макро эдийн засгийн шинэ тэнцвэр гэж яриад байна. Үүнийг юу гэж ойлгох вэ?
- Хамгийн эхлээд эдийн засгийн орчин эрс өөрчлөгдсөн байна гэдгээ ухамсарлах хэрэгтэй байна гэж ойлгоно. Манай эдийн засаг уул уурхайн бүтээгдэхүүний үнэ үргэлжлэн огцом нэмэгдэж байсан тэр үед бий болгосон эдийн засгийн бүтцээ өөрчлөх шаардлагатай боллоо. Уул уурхайн супер циклийн үед ихээхэн том зорилт дэвшүүлж, дэд бүтцийн том бүтээн байгуулалт хийж, төсвөө халамжид чиглүүлж байлаа. Гэтэл энэ боломж байхгүй болсон учраас бид макро эдийн засгийн шинэ орчинд эдийн засгийн өсөлтийн ирээдүйг бий болгох болж байна. Үүнийг макро эдийн засгийн шинэ тэнцвэр гэж нэрлэж, эдийн засгийг шинэ тэнцвэр рүү өөрчлөгдөх боломж олгох макро бодлого хэрэгжүүлэхийг хэлж байна.
-Шат дараатай ямар арга хэмжээ авбал шинэ тэнцвэрт хүрэх нөхцөл бүрдэх бол?
-Юу өөрчлөгдсөн бэ гэдэг нь чухал байх. Нэгдүгээрт, уул уурхайн супер циклийн үеийн төсвөө өөрчлөх хэрэгтэй байна. Төсвөө багасгаж, улсын өрийг нэмэгдүүлэхээргүй байдалд батлах хэрэгтэй боллоо. Эдийн засгийн өөрчлөлт хэрэгжиж дуусах, макро гадаад орчин эргэн тэнцвэржихээс өмнө бидэнд гадаад өрийн хүндрэл тулгарч байгаа учраас өөр сонголт бараг л байхгүй болж байна. Хоёрдугаарт, манай эдийн засаг уул уурхайн хамаарал өндөртэй учраас эдийн засгийн орчин уул уурхайн өөрчлөлтийг даган өөрчлөгдсөөр байх юм. Ингэж өсч, унаж байх үед өөрчлөлтийг цаг тухайд нь мэдэрч, бодлогын зохистой тохиргоо богино хугацаанд хэрэгжүүлж чаддаг болох хэрэгтэй байна. Гуравдугаарт, супер циклийн дараа уул уурхайд тулгуурлан хөгжиж байгаа бүх орны үнэлэмж буурч, эдийн засгийн, ялангуяа экспортын бүтэц эрс өөрчлөгдөж байна. Бид л гэхэд хөдөө аж ахуйн салбарын өртгийн сүлжээг олон улсын зах зээлд хүртэл хөгжүүлж шинэ экспорт бий болговол том зорилтдоо хүрэх байх. Дөрөвдүгээрт, олборлох үйлдвэрүүдийн орлого их байхад хэрэглээг нэмэгдүүлээд байх боломж илүү байсан. Харин энэ орлого байхгүй болоод эхлэхээр гадаад зах хумигдмал орнуудын адил дотоод эрэлтийг тэтгэх хэрэгтэй боллоо. Бид өөрсдөө хуримтлал хийж эдийн засгаа тэтгэх эх үүсвэрээ бий болгох, өөрсдөө үйлдвэрлэх хэрэгтэй болж байна.
- Монголбанкны төсөөллөөр шинэ тэнцвэрийг хэдий хугацаанд хангаж чадна гэж тооцсон бэ?
- Тэнцвэрт хүрнэ гэсэн хугацаа тооцоогүй. Ер нь хугацаа өөрөө боломжгүй. Эдийн засаг өөрөө тэнцвэрийн зүг өөрчлөгдсөөр байдаг. Харин үр дүн нь ямар байгааг бид өнгөрсөнтэйгөө зэрэгцүүлэн мэдэж чадна. Бодлогын арга хэмжээ зөв болвол эдийн засаг богино хугацаанд өөрчлөгдөж, үр ашгийг нь эрт хүртэх байх.
- Үүний үр дүнд төр, хувийн хэвшил, өрх гэрийн түвшинд ямар өөрчлөлтүүд гарна гэсэн хүлээлттэй байна?
- Үр дүн нь төрөлжсөн эдийн засагтай, дэлхийн зах зээлийн донсолгоонд доргиод байдаггүй, дотооддоо хүмүүс нь илүү хангалуун тийм л болох зорилт. Ер нь ийм зорилт дандаа л байсан байх. Гэхдээ яг одоо илүү тод ярьсан нь зөв болов уу.
Сэтгэгдэл (2)