Уул, уурхайн яамнаас зохион байгуулдаг "Ил, тод уул, уурхай" сэдэвт хэвлэлийн хурал өнөөдөр боллоо. Энэ үеэр шатахууны үнэ 300 төгрөгөөр буурсан гэдгийг салбар хариуцсан сайд Р.Жигжид хэлэв. Манай улс нефтийг 100 хувь импортоор авдаг. Харин дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ тасралтгүй буурч байгаа бөгөөд өнгөрсөн наймдугаар сараас тонн тутам нь 517 ам.доллар болж буурчээ.
Алслагдсан аймаг, орон нутгаар импортлогдож буй шатахууныг онцгой албан татвараас чөлөөлснөөр 2015 оны эхнээс баруун бүсийн аймгуудад жижиглэнгээр борлуулах шатахууны үнэ дунджаар 150 төгрөгөөр буурсан байна. Газрын тосны бүтээгдэхүүний агуулахаас иргэн, аж ахуйн нэгжүүдэд бөөнөөр борлуулагдаж буй шатахууны литр тутмын үнэ 300 гаруй төгрөгөөр буурч 1390 орчим болжээ. Мөн 2015 оны 9 дүгээр сараас эхлэн хотын захын дүүрэг, Дархан, Эрдэнэт, Төв аймгийн зарим сумдаас эхлэн жижиглэнгээр борлуулж буй үнэ литр тутамд дунджаар 60 төгрөгөөр буураад байна гэж Р.Жигжид сайд мэдэгдлээ.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (11)