2015 оны хоёрдугаар улирлын эцсийн байдлаар Монгол Улсын гадаад өрийн үлдэгдэл 21.6 тэрбум ам.доллартай тэнцсэн талаар Монголбанкнаас мэдээллэв.
Нийт дүн өмнөх улиралтай харьцуулахад 3.7 хувиар өссөн нь хувийн хэвшил, арилжааны банкуудын өрийн үлдэгдэл өссөнөөр тайлбарлагдаж байна.
Монгол Улсын нийт гадаад өрийн 17.2 хувь нь Засгийн газарт ногдож байгаа бол 48.5 хувь нь компани хоорондын зээллэгт хамаарч байгаа аж. Үүнийг төрөл тус бүрээр авч үзвэл Монгол Улсын Засгийн газрын баталгаатай гаргасан урт хугацаат өрийн бичиг буюу бондын үлдэгдэл 1.6 тэрбум ам.доллар, зээлийн хэмжээ хоёр тэрбум ам.долларт хүрчээ.
Харин Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагын хувьд хоёр тэрбум ам.долларын өглөгтэй байгаагаас дийлэнх нь урт хугацаат өрийн бичиг, зээл хэлбэрээр гаргасан болохыг Монголбанкнаас тайлбарлалаа.
2015 он гарсаар арилжааны банкуудаас Худалдаа Хөгжлийн банк олон улсын зах зээлд бонд арилжаалсан юм. Бусад салбаруудын хувьд урт хугацаат зээлийн санхүүжилт өрийн үлдэгдлийн 8.8 хувийг бүрдүүлж байгаа нь өмнөх улирлаас төдийлөн өөрчлөлтгүй байлаа.
Монголбанкны нэгтгэсэн II улирлын гадаад өрийн статистикт тэмдэглэснээр хугацаа хэтэрсэн өр төлбөр Засгийн газар, Төв банк, бусад банк компаниудад байхгүй болохыг тодотгосон юм.
Сэтгэгдэл (3)