Засгийн газрын үнэт цаас энэ сарын 8-наас арилжаанд гарна. 28 долоо хоног буюу зургаан сарын хугацаатай, жилийн 13.971 хувийн хүүтэй, 100 мянган ширхэг үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг Монголын хөрөнгийн биржийн гишүүн үнэт цаасны компаниудаар дамжуулан авч эхэлжээ.
Ингэснээр Засгийн газрын үнэт цаасны арилжаа энэ сарын 8-ны өдөр явагдах юм. Долоо хоног бүр арилжигдах Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаасны хүүгийн хэмжээг зах зээлийн жишиг хүүг үндэслэн Сангийн яам тогтоох юм байна. Монголын хөрөнгийн бирж нь тус арилжааны саналыг хуанлийн 6 хоногийн турш авах бөгөөд 6 дах хоногийн 11.00 цагт арилжааг хаах аж. Лхагва гарагт-14:00- 16:00 цагт/ пүрэв, дараа долоо хоногийн даваа гарагт-10:00-16:00 цагт/ мягмар гарагт-10:00-11:00 цагт захиалга хүлээн авах юм байна.
Монголын хөрөнгийн биржийн арилжааны системд нийт захиалгыг хүлээн авсны дараа нийт ирсэн саналыг Сангийн яаманд цахим хэлбэрээр хүргүүлэх бөгөөд Сангийн яамнаас баталгаажуулсны үндсэн дээр хуваарилалтыг хийх юм байна.