Уул уурхайн сайд Р.Жигжид Эдийн засгийн өсөлтийг хангах, гадаад валютын цэвэр нөөцийг нэмэгдүүлэх, алт худалдан авах урьдчилсан санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх зорилгоор аж ахуйн нэгжүүдэд 256 тэрбум төгрөг олгох болсон талаар мэдээллээ.
Засгийн газраас баталсан “Алт худалдан авах урьдчилсан санхүүжилтийн тогтолцооны тухай” тогтоолын хүрээнд дээрх ажлыг хэрэгжүүлж буй аж. Тодруулбал алт олборлогч аж ахуйн нэгжүүдийн хүсэлт, өрийн баталгааны санд төлсөн шимтгэлийг үндэслэн нийт санхүүжилтийн үндсэн төлбөрийн 50 хүртэлх хувьд Засгийн газрын өрийн баталгаа гаргах юм байна. Одоогийн байдлаар нэр бүхий 46 аж ахуйн нэгжийн санхүүгийн дэмжлэг авах хүсэлт ирүүлсэн бөгөөд дээрх тогтоолын хэрэгжилтийг хангахаар Уул уурхайн яам, Монгол банк, Сангийн яамнаас ажлын хэсэг гарчээ.