Өнгөрсөн онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдаж, энэ оны хоёрдугаар сарын 8 -ны өдөр 100 сая дахь тонн нүүрсээ олборлосон Багануур ХК-ний өвөлжилтийн бэлтгэл ажилтай Эрчим хүчний сайд Д.Зоригт танилцлаа.
Багануур ХК-ийн нүүрсний ордын хэмжээ нь 12 км урт, 4 км өргөн, нийт 3250 га талбайтай бөгөөд баталгаажсан нөөц нь 584 сая тонн юм байна. Цаашид 900 сая тонн хүртэлх нөөцтэй байх магадлалтай ажээ. Үндсэн давхрагын гуравны нэг хувь нь усанд автсан учраас жил бүр 4.2 сая шоо метр ус зайлуулж байгаа нь зардалд ихээхэн нөлөөлж байгаа гэнэ. Уурхайн гүний хэмжээ жил бүр 3-4 метрээр доошилж, одоо гүн нь 120 метрт хүрээд байна. Одоо жилдээ 3.8 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай ажиллаж байна.
Цаашдаа 2016-2020 онд хүчин чадлаа 10.0 сая тонн-д хүргэж өргөтгөхийн тулд 399 тэрбум төгрөгийн төсөл боловсруулаад байгаа ажээ. Энэ төслийн хүрээнд мөн уулын тээвэр олборлолтыг хөдөлгөөнт дамжуулан ачих эксковаторын системд шилжүүлэх бөгөөд шаардлагатай санхүүжилтийн 85 хувийг Польш, Германы банк гаргахаар болсон гэнэ.
Энэ жилийн өвөлжилтийн бэлтгэл хангах ажил ердөө 22 хувьтай байгаа ажээ. Үүнийг тус компанийн захирал М.Отгонбаяр олон хүчин зүйлтэй холбон тайлбарлав. Юуны өмнө оны эхний байдлаар ДЦС-ууд 61.8 мянган тонн нүүрс дутуу авсан. Ирэх 8-9 дүгээр саруудад бас багасгах санал тавиад байгаа. Тэгсэн мөртөө өвлийн ид ачааллын үед нөхөж авна гээд байдаг. Гэтэл тэр их хэмжээнийн нүүрсийг тээвэрлэхэд нэмж 900 вагон хэрэгтэй болно. Ийм их ачааллыг УБТЗ даахгүй. Дээр нь нүүрсний өртгөөс болж 6.4 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж, ДЦС-уудын өр төлбөрөөс болж 18.0 тэрбум төгрөгийн авлагатай болоод байна. Дээр нь өвөлжилтийн бэлтгэлийг хангахын тулд 18.1 тэрбум төгрөг, үүнээс нэн яаралтай эксковаторын засварт 7.0 тэрбум төгрөг шаардлагатай байдаг. Энэ бүхнийг зохицуулахын тулд шаардлагатай бүх зүйлийг хийж байгаа боловч зарим тохиолдолд хүчин мөхөсдөж байгаа тухайгаа Багануур ХК-ийн гүйцэтгэх захирал М.Отгонбаяр хэлж байлаа.
Нэг тонн нүүрс олборлохын тулд нэг тонн ус шахан гаргаж, 5 шоо метр хөрс шороо хуулж байна. Гэтэл нэг кг нүүрсийг 26 төгрөгөөр борлуулж байхад нэг хайрцаг шүдэнз 50 төгрөгөөр, нэг ширхэг гялгар уутыг 100 төгрөгөөр борлуулж байгаатай харьцуулахад үнэхээр бага үнэ юм. Ингэж тонн тутмаас 2 мянга гаруй төгрөгийн алдагдал хүлээж байгаа нь компанийн эдийн засгийн үзүүлэлтэд сөргөөр нөлөөлж байна. Гэтэл дээр нь урт богино хугацааны өр зээл 91.1 тэрбум төгрөгт хүрээд байдаг гээд тулгамдсан олон асуудал Багануур ХК-д хуримтлагджээ.
Гэлээ ч уурхайн хэвийн үйл ажиллагааг хангах, техник технологийн шинэчлэл хийх, эдийн засгийн үр ашигийг дээшлүүэх талаар чамгүй ажлыг хийж байгаа ажээ. Тус компани нь 2012 оноос хойш олборлолотоо 600 мянган тонноор нэмэгдүүлжээ. 2012 онд 9.6 тэрбум төгрөгийн, 2013 онд 6.4 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан бол 2015 онд 4.0 тэрбум төгрөг болж бууруулжээ. Түүнчлэн 2012 онд татварт 9.0 тэрбум төгрөг оруулдаг байсан бол 2015 онд 18.0 тэрбум төгрөг болж нэг дахин нэмэгдүүлжээ. Гэсэн ч одоогийн байдлаар татвар, нийгмийн даатгалын шимтгэлд 4.0 тэрбум төгрөгийн өртэй байгаа ажээ. Хамгийн гол нь татварын байгууллагууд хэтэрхий хатуурхаж, аж ахуйн үйл ажиллагаанд саад тээг болж байгаа нь цаг үеийн ажилд сөргөөр нөлөөлж байна гэж холбогдох хүмүүс хэллээ. Тухайлбал өнгөрсөн онд гэхэд л Багануур ТӨХК-ний харилцах дансыг татварын байгууллагуудаас 108 хоног хаажээ. Энэ онд ч гэсэн чамгүй хугацаагаар хаасан байна. Үүнээс болж наад зах цалин нь хөлс тавихаас эхлээд шатах тослох материал авах, техник тоног төхөөрөмжийн засвар тоног төхөөрөмж авах гээд өдөр тутмын ажил саатаж, аж ахуйн орлого тэр хэмжээгээр буурч байгааг анхааралдаа авч шийдвэрлэх талаар туслалцаа үзүүлэхийг Эрчим хүчний сайдаас хүслээ.
Эрчим хүчний сайд Д.Зоригт хэлэхдээ “Саяхан УИХ-аас Эрчим хүчний талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг баталж, Эрчим хүчний тухай болон Сэргээдэх эрчим хүчний тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулсан. Ингэснээр эрчим салбарын эрх зүйн орчин боловсронгуй болж, цаашид зах зээлийн зарчимд шилжин ажиллах нөхцөл бүрдэнэ. Өнгөрсөн оноос эхэлж цахилгаан эрчим хүчний үнийг 4 удаа өөрчлөөд байна. Цаашдаа Багануур ТӨХК-ний нүүрсний үнэд өөрчлөлт оруулна. Эрчим хүчний зохицуулах хорооноос мэдээлж байгаагаар тарифийн өөрчлөлтөөр танай компанид 4.0 тэрбум төгрөгийн орлого нэмэгдэхээр байна. Цаашдаа Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу төрийн өмчийн хувьцаат компаний оролцоог 51 хувь хүртэл бууруулж, үлдэж байгаа хэсгийг нээлттэй зарахаар болсон. Энэ орлогыг бүхэлд нь компанид нь үлдээхээр шийдвэрлэсэн учраас энэ үүсвэрээр хөрөнгө оруулалтын асуудлаа шийдвэрлэх боломж бүрдэнэ. Цаашдаа энэ удаагийн томилолтоор ажилласан асуудлаар ЭХЯ-наас тодорхой төлөвлөгөө гаргаж, Засгийн газар, Хөгжлийн банкинд хандаж шийдвэр гаргах талаар ажиллана” гэв.