Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Denison Mines” корпораци Дундговь аймгийн Гурвансайхан ураны орд дахь эзэмшлийн хувиа Чехийн “Uranium Industry” компанид 20 сая ам.доллараар худалдахаар болжээ. Ингэснээр Чехийн компани тус ордын 85 хувийг эзэмших боломжтой болж байгаа юм.
Гэрээг есдүгээр сард эцэслэн байгуулах аж. 250 мянган ам.долларыг урьдчилгаа хэлбэрээр авахаар болжээ. Үлдсэн төлбөрийг нь ирэх арваннэгдүгээр сарын 30-нд авахаар тохиролцсон байна. “Denison Mines” компани “Мон-Атом” болон Оросын “Геологоразведка” компанитай 1993 онд хувь нийлүүлсэн “Гурвансайхан” компанийг байгуулсан юм. Тэд хайгуул хийж 7.6 мянган тонн ураны батлагдсан, 2.2 мянган тонн ураны нэмэлт таамаг нөөцтэй болохыг тогтоожээ. Хувь нийлүүлсэн компанийн 70 хувийг “Denison Mines”, үлдсэн хувь эзэмшигчид тус бүр 15 хувийг эзэмшиж байсан аж. “Denison Mines’’-ын тухайд Оросын талын хувийг 2011 онд худалдан авчээ. Чех улсын “Uranium Industry” компани энэ салбарт 75 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа туршлагатай. Тус компани 2012 оноос Монгол улсад “Mongolian Uranium Mining" нэртэй компани байгуулан, үйл ажиллагаа явуулж эхэлсэн юм.
Сэтгэгдэл (1)