Оюутолгойн зэс, алтны далд уурхайг өргөтгөхөд шаардлагатай төслийн санхүүжилтийн гэрээнд энэ оны эцсээр гарын үсэг зурах төлөвлөгөөтэй байна гэж "Turquoise Hill Resources" компаниас өчигдөр мэдэгджээ.
"Оюутолгой"-н далд уурхайг өргөтгөхөд 4.9 тэрбум ам.долларын санхүүжилт шаардлагатай байгаагаас 4.2 тэрбумыг олон улсын банк санхүүгийн байгууллагаас босгохоор төлөвлөөд байгаа билээ. Өөрөөр хэлбэл, энэ оны эцэс гэхэд олон улсын банк санхүүгийн байгууллагуудтай санхүүжилтийн талаар тохиролцож, эцсийн байдлаар гарын үсэг зурах аж. Тус компани мэдэгдэлдээ хөрөнгө оруулагчийн төслийн санхүүжилтийн яриа хэлэлцээ урагшилж байгааг дурдаад, “Оюутолгой”-н ТЭЗҮ-ийг шинэчлэх ажил хийгдэж байгааг онцолжээ. Тус компанийн танилцуулсан үйл ажиллагааны тайлангаас харвал Оюутолгойн зэсийн баяжмалын үйлдвэрлэл энэ оны II улиралд өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 52 хувиар өсч 55.3 тоннд хүрсэн байна. Энэ нь үйл ажиллагаа эхэлснээс хойшхи зэсийн баяжмал үйлдвэрлэсэн хамгийн өндөр үзүүлэлт болж байгаа юм. Үүнээс баяжмал дахь зэсийн агууламж өмнөх улирлаасаа 64.5 хувь, алтны агууламж 178 хувиар нэмэгдсэн байна. "Turquoise Hill Resources" компанийн тооцоогоор энэ онд дунджаар 185 мянган тонн зэс, 650 мянган унци алт бүхий зэсийн баяжмал үйлдвэрлэх хүлээлттэй байгаа аж. "Оюутолгой"-н уурхайн нийт нөөцийн 80 орчим хувийг далд уурхайгаас олборлох тооцоо байгаа юм.
Сэтгэгдэл (1)