2015 оны 6 дугаар сарын 16-ны өдөр олон улсын нэр хүнд бүхий Стандарт энд Пүүрс зээлжих зэрэглэлийн байгууллагаас Монгол Улсын Хөгжлийн банкны урт болон богино хугацаат үнэт цаас гаргах зээлжих зэрэглэлийг “В+/B” буюу Монгол Улсын зээлжих зэрэглэлтэй ижил түвшинд тогтоолоо.
Стандарт энд Пүүрс байгууллагаас Монгол Улсын Хөгжлийн Банкийг үнэлэхдээ...“Монгол Улсын эдийн засгийн өсөлт саарч байгаа энэ цаг үед Монгол Улсын Хөгжлийн банк нь өөрийн бизнесийн цар хүрээгээ тэлэхийг зорилт болгохоос илүүтэйгээр эрсдэлийн удирдлага чиглэлээр түлхүү анхааран ажиллаж байгаа нь сайшаалтай. Монгол Улсын Хөгжлийн банк нь 2011 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш богино хугацаанд маш хурдацтай өсөн дэвжиж 2014 оны эцэс гэхэд Монголын банк санхүүгийн салбарыг активын үзүүлэлтээрээ тэргүүлж байна. Түүнчлэн Монгол Улсын Хөгжлийн банк нь дунд, урт хугацаанд Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг дэмжих гол салбаруудад санхүүжилт хийж, улс эх орныхоо эдийн засгийн өсөлтийг сайжруулахад гол үүрэгтэйгээр оролцож байна” хэмээн тайландаа дурдсан байна.
Энэхүү үйл явдал нь Монгол Улсын Хөгжлийн банкны нэр хүнд олон улсын түвшинд өндрөөр үнэлэгдэж буйг баталгаажуулсан томоохон үнэлэлт болсон төдийгүй зээлжих зэрэглэл нь Монгол улсын зээлжих зэрэглэлтэй ижил түвшинд хүрсэн tsoriin gants sanhuugiin байгууллага болсон гэдгээрээ ихээхэн онцлогтой юм.
Монгол Улсын Хөгжлийн банкны зүгээс ийнхүү олон улсын нэр хүнд бүхий байгууллагаар зээлжих зэрэглэлээ тогтоолгосноор өөрийн санхүүгийн чадамждаа тулгуурлан олон улсын хөрөнгийн зах зээл дээрээс урт хугацаатай, хямд эх үүсвэрүүдийг Засгийн газрын баталгаагүйгээр татан төвлөрүүлж, улс эх орныхоо эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэхэд өөрийн хувь нэмрээ илүү ихээр оруулах тааламжтай нөхцөл бүрдэж байна хэмээн дүгнэж байна.
МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНК
2015 оны 6 дугаар сар 30