Орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгож, 20 хувьд нь Засгийн газраас баталгаа гаргахаар болж байгаа билээ. Өөрөөр хэлбэл, дундаж орлоготой буюу тус зээлийн шалгуурт тэнцсэн зорилтот бүлгийн иргэд орон сууц худалдан авахдаа урьдчилгаа төлбөрийнхөө 10 хувийг өөрсдөө төлж, үлдэгдэл 20 хувьд нь төр баталгаа гаргах юм.
Гэхдээ энэ зээлийг хүссэн болгонд нь өгөх банк, түүнийг нь дэмжих төрийн байгууллага байхгүй. Гэсэн ч эхний ээлжинд ХАХНХЯ-наас нарийвчилсан судалгаа хийж, иргэдээ 20 ангилалд хуваажээ.
Тэрхүү ангилалын 7-16 дугаарт багтаж байгаа хүмүүс энэхүү зээлд хамрагдаж болох юм байна. Харин энэ тодорхойлолтоо харьяа дүүргээсээ авна. Ирэх сараас хэрэгжиж эхлэх тус хөтөлбөрт санхүүгийн эх үүсвэр нь байвал хувь, хувьсгалын бүх байгууллага хамрагдах эрх нь нээлттэй гэдгийг албаны хүмүүс мэдэгдсэн.
Өмнө нь урьдчилгаа 30 хувиа төлөөд байрны зээлд хамрагдчихсан иргэд авсан зээлээ энэ хөтөлбөр рүү шилжүүлж болох уу гэж сонирхож байгаа юм. Тэгвэл “Үгүй” гэдэг хариултыг салбарын яамнаас нь өгч байна. Яагаад гэвэл, зах зээлд нийлүүлчихсэн барилгуудыг биш шинэ орон сууцыг хамруулах зорилгыг анхнаасаа тавьжээ. Энэхүү хөтөлбөрийн зэрэгцээ 30 хувийн урьдчилгаатай ипотекийн зээлийг ч үргэлжлүүлэн өгөх юм байна.
Банкууд орон сууцны зээл авах гэж байгаа иргэний орлого шалгуурт тэнцэж байгаа эсэхийг өөрсдөө хянана. Тиймээс ямар нэгэн эрсдэл гарахгүй гэж тооцоолжээ. Банкууд эргээд төлж чадахааргүй хүмүүст энэ зээлийг олгохгүй нь.
Сэтгэгдэл (1)