Сүүлийн хоёр жил баруун бүстээ өрсөлдөх чадвараараа тэргүүлж, өнгөрөгч онд Улсын шилдэг аймгаар шалгарсан Увс аймагт "Баруун бүсийн хөрөнгө оруулалтын чуулган" эхний өдрөө үргэлжилж байна.
2012 оноос хойших хөгжлийн эрчмийг нь үнэлж, Монгол Улсын засгийн газраас уг чуулганыг зохиох эрхийг Увс аймагт олгожээ.
Чуулганы эхэнд Баруун таван аймгийн Засаг дарга, удирдлагууд болон Өрсөлдөх чадварын судалгааны төв, Дэлхийн банк, АХБ, МҮХАҮТ-ийн төлөөлөл тойм илтгэлүүд тавилаа.
Энэ үеэр МҮХАҮТ-ийн ерөнхийлөгч Д.Лхагважав, "Баруун аймгууд маань төлөвлөж буй томоохон багц төслүүдээ хэрэгжүүлэх лидерүүдээ гаргаж ирэх хэрэгтэй. Бэлтгэх хэрэгтэй. Тэд бодлогоо боловсруулж, тэд магнайлж, бид нэгдэж байж энэ том зорилгын өмнө гарах болно" хэмээн онцоллоо.
Үдээс хойш Увс аймгийг хөгжүүлэх "Их наядын Увс 2024" хөтөлбөрийг задлан ярилцах үндсэн хэлэлцүүлэг болно. Харин маргааш Увс аймагт хэрэгжүүлэх төслүүдийн талаар хөрөнгө оруулагчид мэдээлэл хийж, бүс нутгийн лидерүүд болон ажил хэрэгч хүмүүс, ард иргэдийн санаа бодлыг сонсох юм.
Г.Үжин