Олон улсын хөрөнгө оруулалтын банк (ОУХОБ) болон Монголын Банкны Холбоо (МБХ) хамтран зохион байгуулж буй Монголын Бизнес Форум олон улсын арга хэмжээг “Монгол Улсын хөгжил ба олон улсын хамтын ажиллагаа” сэдэв дор Кемпински Хаан Палас зочид буудалд эхэллээ.
Уг олон улсын томоохон арга хэмжээнд Монгол Улсын банк, санхүү, бизнесийн байгууллагууд болон ОУХОБ-ны удирдлагууд, мөн тус банкны гишүүн орнууд болох Болгар, Куба, Чех, Унгар, Румын, Словак, Вьетнам улсын банк санхүү, бизнесийн салбарын өндөр түвшний төлөөлөгчид оролцож, Монгол Улсын бизнес, хөрөнгө оруулалтын орчин, боломж, цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцэх юм.
Монгол Улс ОУХОБ-нд 1970 онд гишүүнээр элссэн бөгөөд тус банкнаас гишүүн орнуудынхаа үйл ажиллагааг дэмжихдээ тухайн улсын санхүүгийн зах зээлийн чадавхийг дээшлүүлэхийг чухалчилж, дангаар болон хамтарсан байдлаар зээл олгож, жижиг дунд бизнес болон эдийн засаг, нийгэмд ач холбогдолтой дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлсээр иржээ. Түүнчлэн тус банк манай улсад хийх хөрөнгө оруулалтаа жилээс жилд нэмэгдүүлэн, хамтын ажиллагаандаа ач холбогдол өгч байгаа юм.
Г.Үжин