“Алтанбулаг – Улаанбаатар – Замын-Үүд” чиглэлийн хурдны авто замын төслийн нээлт Замын-Үүд суманд боллоо.
Төслийн нээлтэд Замын –Үүд сумын засаг дарга М.Баянмөнх, Замын –Үүд дэх гаалийн газрын дарга Б.Хишигбат, Эрээн хотод суугаа Консулын газрын төлөөлөгчид, Замын –Үүд Чөлөөт бүсийн төлөөлөгчид, Эрээн хотын замын газрын орлогч дарга Луо Вэй, урд хойд хөршийн компаниудын төлөөлөл , Замын –Үүд дэх Иргэний харъяалал шилжилт хөдөлгөөний газрын дарга Г.Эрдэнэцогт, Дорноговь аймгийн иргэдийн хурлын төлөөлөгчдийн дарга Ч.Эрдэнэбат зэрэг зочид төлөөлөгчид оролцлоо. Төслийн нээлтэд оролцогчид энэ төсөл дээр хамтран ажиллаж, тус дэм болохоо хэлж байв. Түүнчлэн Ази Европыг холбосон уг хурдны зам нь Монгол Улсын хөгжлийн түүчээ байх болно гэдэгтэй санал нэгдэж, төслийн нээлтийг хийсэнд талархай буйгаа илэрхийллээ.
Өнгөрсөн лхагва гаригт энэхүү бүтээн байгуулалтад үндэсний компаниудыг оролцуулах, зам барилгын ажилд оролцох Монгол ажилчдын тоог нэмэгдүүлэх, үндэсний мэргэжилтэй инженер, техникийн ажилтан бэлтгэхэд хамтран ажиллах санамж бичгийг “Чингис Лэнд Девелопмент Групп”, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Монголын Авто Замчдын Холбоо хамтран байгуулсан билээ. Ингэснээр төсөл хэрэгжих хугацаанд манай улсын үндэсний аж ахуйн нэгж компаниуд уг бүтээн байгуулалтад оролцон, олон улсын томоохон корпорациудтай хамтран ажиллах боломж бүрдэж байгаа юм. Зам барилгын ажлын явцад нийтдээ 20-30 мянган түр ажлын байр, амралт үйлчилгээний цогцолбор, замын байгууламжуудын хэсгүүдэд 3000-5000 ажлын байр, зам дагуу бий болох шинэ суурьшлийн бүсүүдийг дагаад 50 мянга хүртэл ажлын байр бий болно гэж тооцсон байгаа юм.
“Алтанбулаг – Улаанбаатар – Замын-Үүд чиглэлийн хурдны авто зам” төслийг хэрэгжүүлэх Концессын гэрээг өнгөрсөн оны гуравдугаар сард байгуулж улсын төсөвт хүндрэл учруулахгүйгээр зөвхөн хувийн хэвшлийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр болсон бас нэгэн давуу тал билээ. Өөрөөр хэлбэл зам барилгын ажлыг гурван жилийн хугацаанд барьж, 30 жил ашиглан төрд шилжүүлэх гэрээтэй. Хурдны авто зам нь Монгол Улсын зургаан аймгийн 24 сум, Нийслэлийн 2 дүүргийн нутгийг дайран өнгөрөх бөгөөд нийтдээ 990 орчим км үргэлжлэнэ гээд бодохоор энэ бол яах аргагүй маш том мега төсөл юм.
ЗТЯ-ны харъяа Шинжлэх ухаан технологийн зөвлөлөөр дэмжүүлж, олон улсын зөвлөх компаниудын оролцоотойгоор ТЭЗҮ- ээ боловсруулан ЗТЯ-ны харъяа Шинжлэх ухаан технологийн зөвлөлөөр дэмжүүлсэн, ОХУ-ын геотехникийн компаниар ахлуулан Монгол Улсын 20 гаруй компанийн оролцоотой хурдны замын трассын дагуу Алтанбулаг-УБ-Мааньт чиглэлийн 450 км газарт геотехникийн /геодези, инженер-геологи, гидрометерологи/ суурь судалгааг хийсэн зэрэг ажлыг амжуулжээ. Их бүтээн байгуулалтын ажил шуударч байна.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (5)