Татварын Ерөнхий газраас 2014 оны шилдэг татвар төлөгч аж, ахуйн нэгжүүдийг зарлалаа. Өнгөрсөн онд улсын төсөвт төвлөрүүлсэн орлогоор нь “Топ 50” аж, ахуйн нэгжийг шалгаруулахад Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр тэргүүлсэн байна. Харин энэ жагсаалтын гуравт Монгол улсын Хөгжлийн банк оржээ. “Чингис”, “Самурай” бондын зарцуулалтыг хянаж буй тус банкны хувьд 2014 онд улсын төсөвт 32 тэрбум төгрөг төвлөрүүлснээрээ ийнхүү “Топ-3”-т багтжээ.
Тус банк нь өнгөрсөн онд 133 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж, улсын төсөвт 32 тэрбум төгрөгийн татвар төлсөн байна. Хөгжлийн банкинд жилд хоёр удаа санхүүгийн аудит хийж, энэ дүн мэдээллээр тус байгууллагын санхүүгийн баримтууд олон нийтэд нээлттэй гэдгийг мэдэгдэж байгаа юм. Хөгжлийн банк нь бүхэлдээ Засгийн газрын өмч учраас татвар төлөгчийн мөнгийг өсгөх замаар ажиллаж буйн нэг илрэл нь энэ болно.
Дашрамд дурдахад, "Чингис" бондоос 600 орчим тэрбум төгрөгийн үлдэгдэл байгаа аж. Мөн "Самурай" бондоос санхүүжилтээ хийгээд явж байгаа гэх мэдээтэй байна. Одоогоор "Хөгжлийн банкин"-д нийт 1.4 их наяд төгрөгийн чөлөөт үлдэгдэл байгаа бөгөөд хэрэгтэй төслүүдийг цаашид санхүүжүүлэн явахаар төлөвлөж байгаа аж.
Тус банк нь сүүлийн хоёр жилд бүтээн байгуулалтын төслүүдийг эрчимтэй санхүүжүүлж ирсэн бөгөөд Төрийн алтан гэрэгэ шагналыг хүртсэн гурван төслийн хоёр нь тус банкны санхүүжүүлсэн төсөл байжээ.
Энэ мэт үр ашигтай төслийг "Чингис", "Самурай" бондоос үргэлжлүүлэн санхүүжүүлээд явбал улс орны бүтээн байгуулалтад эерэг үр дүнгээ өгнө гэж эдийн, засагчид үзэж байна.
Т.Сар
Сэтгэгдэл (2)