“Хөгжил-Ардчилал” ТББ-аас санаачилан зохион байгуулж буй цуврал хэлэлцүүлгийн энэ удаагийн зочноор Эдийн засагч Б.Дөлгөөн оролцлоо. Хэлэлцүүлгийн гол сэдэв нь урд хөрш болох Хятад улсын эдийн засгийн өсөлт сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа. Энэ нь манай улсын эдийн засагт түлхэц болно гэдгийг онцолсон юм. Эдийн засагч Б.Дөлгөөн “Эдийн засгийн цаашдын тогтвортой хөгжлийг хангах нь маш чухал. Үүний тулд бид зөвхөн дотоод нөхцөл байдлаа судлахаас гадна гадаад орчныг, тэр дундаа Хятадыг судлах хэрэгтэй. Дэлхийн банкны ахлах зөвлөх асан Жастин Ифү Лингийн онцолсноор дараагийн 15 жилд Хятадаас 83 сая ажлын байр гадагш гарна. Анх Дэнг Сиопин 1980-д оны эхнээс нээлттэй хаалганы бодлого явуулснаас хойш 2000 оны дунд хүртэл Хятадын экспортын бараанд өндөр технологи шаарддаггүй бараа болох бэлэн хувцас, хүүхдийн тоглоом дийлэнх хувийг эзэлдэг байсан. Харин өнөөдөр илүү өндөр технологи ашиглаж үйлдвэрлэдэг, технологийн бүтээгдэхүүн болох ухаалаг гар утас, нарны зай зэрэг эзэлж байна. Энэ хэрээр хятад ажилчдын ур чадвар өсөж, орлого нэмэгдэж байгаа болохоор цалин нь ч өснө. Тиймээс хямд ажиллах хүчин ашигладаг бэлэн хувцас үйлдвэрлэгчид Филиппин, Вьетнам, Мексик рүү шилжээд эхэлсэн. Бүтээмж багатай, өндөр технологи шаарддаггүй ажлын байр болох оёдолчин, эсгүүрчин, үйлдвэрийн механикч гэх мэт 83 сая ажлын байр ирэх 15 жилд бусад улс руу шилжинэ гэж Дэлхийн Банк таамагласан. Бидэнд эндээс 150 мянган ажлын байр бий болгох үйлдвэр оруулж ирэхэд л манайд ажилгүйдэл алга болно” гэдгийг илтгэлдээ онцоллоо
Сэтгэгдэл (3)