Орон сууцны 8 хувийн зээл 2013 оны 6 дугаар сараас хэрэгжиж эхэлсэн энэ хугацаанд нийт 69269 өрх хамрагдсан байна. 2015 оны 3 дугаар сарын байдлаар орон сууцны зээлийн үлдэгдэл 3,015.6 тэрбум төгрөгт хүрчээ.
Үүнээс:
- 72.9 хувь буюу 2,196.9 тэрбум төгрөгийг Засгийн газар, Монголбанкны хамтарсан "Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр"-ийн зээл (жилийн 8 хувийн хүүтэй зээл болон 8 хувийн хүүтэй зээлд шилжүүлсэн зээл),
- 24.9 хувь буюу 750.1 тэрбум төгрөгийг банкуудын өөрийн эх үүсвэрээр олгосон зээл,
- 2.3 хувь буюу 68.7 тэрбум төгрөгийг бусад эх үүсвэрээр олгосон зээл бүрдүүлж байна.
Орон сууцны зээлийн үлдэгдлийн 98.2 хувь нь төгрөгийн зээл, 1.8 хувь нь гадаад валютын зээл байна. Зээлийн үлдэгдэлд эзлэх хугацаа хэтэрсэн зээлийн хувь 2015 оны 3 дугаар сарын байдлаар 1.8 хувь, чанаргүй зээлийн эзлэх хувь 0.5 байна.
Нэг зээлдэгчид ногдох олгосон зээлийн хэмжээ тайлант сарын байдлаар 58.8 сая төгрөг, тухайн сард 28.9 тэрбум төгрөгийн ипотекийн зээл төлөгдсөн нь өмнөх сараас 13.4 хувиар буурсан ч өмнөх оны мөн үеэс 19.8 хувиар өссөн байна.
Нийт 69269 иргэн ипотекийн зээлтэй байгаагаас 48512 нь “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр”-ийн зээлд, 18748 нь банкуудын өөрийн эх үүсвэрийн зээлд, 2009 нь бусад эх үүсвэрийн зээлд хамрагдсан байна.
Ипотекийн зээлийн үлдэгдлийн жигнэсэн дундаж хугацаа 2015 оны 3 дугаар сарын байдлаар 15.4 жил байна. Тайлант сард банкууд 0.5-20 жилийн хугацаатай зээл олгосон бөгөөд жигнэсэн дундаж хугацаа нь 16.5 жил байна.
Тайлант сард олгосон зээлийн 56.6 хувь нь 16-20 жилийн хугацаатайгаар олгогдсон. Нийт ипотекийн зээлийн үлдэгдлийн 61.6 хувь нь 16-20 жил, 23.0 хувь нь 11-15 жил, 12.8 хувь нь 6-10 жил, 2.6 хувь нь 1-5 жилийн хугацаатай байна.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (2)