Хөрөнгө оруулалтын үржүүлэх нөлөө гэсэн ойлголт бий. Олон улсад бүр Investment multiplier гэсэн нэршилтэй.Манайх шиг чөлөөт зах зээлийн эдийн засагтай улсад энэ аргачлалыг хэрэглэдэг. Зорилго нь төр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын эдийн засаг дахь зөв нөлөөг гаргах.Ухаандаа Оюу толгой шиг төр, хувийн хэвшил хамтарсан төслийн эдийн засагт үзүүлж байгаа жинхэнэ, бодитой өгөөжийг гаргаж ирэх арга гээд ойлгочихож болно. Энэ аргыг анх хэрэглэсэн улс нь АНУ. Өнгөрсөн зууны эхээр буюу 1930 оноос хэрэглэж эхэлжээ. Монголд яг одоо хэрэгжиж буй төр, хувийн хэвшлийн хамтарсан, гадаадын хөрөнгө оруулалттай том төсөл гэвэл ганц Оюутолгойл байна. Таван толгойг засаг, хувийн хэвшил хамтарч хөдөлгөнө гэсэн эерэг мэссэж бий. Гэхдээ яг одоогоор шийдлээ олоогүй байгаа.
Монголчууд том төслүүдээ хөрөнгө оруулалтын үржүүлэгч нөлөөгөөр хэмжиж үзсэн удаагүй. Оюу толгой дээр гэхэд шууд оруулсан мөнгийг нь л хөрөнгө оруулалт гэж үздэг. Монголын эдийн засагт Оюу толгой ийм нөлөө үзүүлжээ гэсэн өнцгөөс үнэлсэн тоо харагддаггүй. Хөрөнгө оруулалтын өгөөжхөгжингүй оронд бага, хөгжиж байгаа улсад илүү байдаг гэж шинжээчид онцолдог.Тэгэхээр манай улсын хувьд том хөрөнгө оруулалтын нөлөө өндөр тусна гэсэн үг.
Хөрөнгө оруулалтын үр нөлөөг “татвар ба хөгжил” гэсэн аргачлалыг ашиглаж хэмждэг юм билээ. Татвар нь шууд хэмжиж болох орлого. Харин хөгжил нь мөнгөн үзүүлэлтэд шилжүүлсэн шууд бус эдийн засгийн үр нөлөө. Манай улсын хувьд татварыг нь онцлоод шууд бус үр өгөөжийг нь орхичихдог. Ер нь баялгаа гаргаж буй орнуудын хувьд хөрөнгө оруулагчаас авсан татвараа чамлах хандлага гаргадаг нь хөрөнгө оруулалтын шууд бус өгөөжийг ойлгодоггүйтэй холбоотой гэж эдийн засагчид хэлдэг. Баялгаа ашиглаад хөгжсөн улсуудын хувьд ийм хандлага бага, Замби мэт баялагтай ч өнөө хэр хөгжил буурай улсын хувьд харин өндөр байдгийг судлаач, шинжээчид баримт нотолгоотойгоор гаргаад ирсэн байдаг.
Оюу толгойн бүтээн байгуулалтад нийтдээ 6.49 тэрбум ам.доллар зарцуулсан гэсэн статистик бий. Гэхдээ эдийн засаг талаас нь харвал энэ мөнгөнөөс илүү өгөөж үлдсэн. Хөрөнгө оруулалтын үржүүлэгч нөлөө нь их байсан гээд ойлгочихож болно. Баримтаар нотолъё. Бүтээн байгуулалт ид өрнөж байх үед өмнийн говьд 3000 орчим хүн ажиллаж байв. Ийм тооны гэр бүл энэ төслөөс амьжиргаагаа залгуулж байсан гэсэн үг. Нэг хүний ард гурван хүн бий гэж бодоход бараг арван мянган хүнийг Оюу толгой тэжээж байж. Тэдний олонх нь байр, машины зээл авч амьдралаа дээшлүүлсэн. Байнгын дажгүй орлоготой учраас л амьдрал ахуйгаа дээшлүүлсэн хэрэг. Цалин багатай, урьдчилгаагаа өгч чадахгүй иргэдийн хувьд байрны зээл асуудал болдог. Орлого нь хүрсэн ч урьдчилгаагаа төлж чадахгүй учраас байрны зээлд хамрагдаж чадахгүй яваа залуус олон бий. Харин Оюу толгой зэрэг уул уурхайн ашигтай, цалин дажгүй өгдөг төслүүдэд ажилладаг залуусын хувьд байдал өөр байсныг ипотекийн зээлийн статистикаас харж болно. Уул уурхайн салбарт ажилладаг хүмүүс байрны зээлд төвөггүй хамрагдсан байдаг. Үүнийг л хөрөнгө оруулалтын үржүүлэгч нөлөө гээд байгаа юм.
Оюу толгой боловсрол сургалтанд гэхэд л 126 сая ам.долларыг 5 жилийн хугацаанд зарцуулахаар төлөвлөсөн гэсэн тооцоо бий. Төгрөгт шилжүүлж тооцвол хэдэн тэрбум хол давсан мөнгө. Энэ мөнгөөр Өмнөговь аймагт уул уурхайн жишиг сургууль босгосон. Мэргэжлийн боловсрол олгох багш нарыг нь сургасан.Техник мэргэжлийн боловсрол сургалтад анхаарсан. Тэтгэлэгт сургалтуудад зориулсан. Дотоод, гадаадын тэтгэлэгт хөтөлбөр гэж зарласан. Уул уурхайн салбарт чадварлаг мэргэжлийн ажилтан, мэргэжилтнүүд бэлтгэхэд Оюу толгойгоос олон тэрбум төгрөг зарцуулаад байгаа гэсэн үг. Ирээдүйд уул уурхайн олон том төсөл хэрэгжинэ. Таван толгой, Цагаан суварга зэрэг төслүүд хэрэгжиж эхлэх үед уул уурхайн өндөр мэргэжилтнүүд нь монголчууд болчихвол энд үлдэх мөнгө тэр хэрээр ихэснэ. Том төслүүд дээр гадаадын мэргэжилтнүүд өндөр цалинтай ажиллаж байна гэсэн шүүмжлэл сонсогддог. Өндөр түвшинд бэлтгэсэн хүн нь байхгүй учраас том төслүүд гадаадаас мэргэжилтэн авчирч ажиллуулаад байгаа хэрэг л дээ. Харин Оюу толгойн эхлүүлсэн ажил үр дүнгээ өгч, уул уурхайн чиглэлийн мэргэжилтэй залуус гадаад, дотоодод сураад ирэхээр байдал өөрчлөгдөнө. Өндөр цалинтай ажлыг тэд хийнэ гэсэн үг. Уул уурхайн өндөр мэргэжилтэй залууст гадны улсуудад хэрэгжиж буй том төслүүд дээр ажиллаж их мөнгө олох боломж ч бий. Тэр тоолонд Монголд орж ирэх доллар нэмэгдсээр байна. Хөрөнгө оруулалтын үржүүлэгч нөлөө гэдэг нь энэ.
Оюу толгойн дотоодод зарцуулсан нийт мөнгөн дүнг сонирхъё. 2010-2015 онд Оюу толгой 4.78 тэрбум ам.долларыг дотоодод зарцуулжээ.
Барагцаалбал долоон их наяд гаруй төгрөг. Монгол улсын төсвийн жилийн орлогоос давсан хэмжээний мөнгийг энэ аварга төсөл зөвхөн дотоодод зарцуулжээ. Энэ их мөнгөний 76 хувийг зөвхөн монгол компаниудад хийсэн төлбөр эзэлж байна. Оюу толгойгоос мөнгө авсан монгол компаниуд, тэр компаниудад ажилладаг гэр бүлүүд амьдрал ахуйгаа давгүй аваад явсан гэсэн үг. Оюу толгойн Монголд зарцуулсан мөнгөн хөрөнгөний таван хувь нь үндсэн болон гэрээт ажилтнуудын цалин болж очжээ. Мөн л овоо хэдэн айлыг амьжиргааг залгуулсан байж таарна. Дотоодод зарцуулсан мөнгөний 19 хувь нь Монголын төсөвт байгууллагад төлсөн шууд төлбөрүүд. Өөрөөр хэлбэл татвар, нийгмийн даатгал, хураамж зэрэг бусад төлбөрт зарцуулсан мөнгө. Төсөвт орсон мөнгө төсвийн байгууллагын ажилтнуудын цалин, сургууль, цэцэрлэг, эмнэлгийг үйлчилгээнд зарцуулагдсан гэхээр Монгол Улсын иргэн бүр Оюу толгой төслийн өгөөжийг хүртсэн гэсэн үг. Хөрөнгө оруулалтын үржүүлэгч нөлөө гээд байгаа нь энэ л дээ.
Оюутолгой орон нутагт буюу Өмнөговьд ч багагүй хэмжээний мөнгө зарцуулсан байдаг. Дэд бүтэц тавих, малчдын худгийг нөхөн сэргээх, соёлын өвийн, байгаль орчны хөтөлбөр гээд орон нутгийн хөгжил рүү хандсан нэлээд ажил хийснийг компанийн тайлангаас харж болно. Оюу толгойн тавьсан цахилгааны шугам өмнийн говийнхонд хэрэгтэй. Барьсан зам нь ч тусаа өгч байгаа. Янзалж өгсөн худаг нь говийнхны хувьд амины хэрэгцээ. Дээр нь энэ аймгаас Оюу толгойд ханган нийлүүлэлт хийдэг хувь хүн, компаниуд гэхэд л өчнөөн. Наад зах нь хэдэн тэмээтэй Дорж гуай ингэний хоормогоо нийлүүлээд амьжиргаагаа залгуулчихаж байна. За тэгээд Оюу толгойд гэрийнх нь аль нэг нь ажилладаг айл Өмнөговьд олон. Тэд эдийн засаг хямралтай ийм үед энэ төслийн өгөөжөөр ажилтай, орлоготой дажгүй яваа. Хөрөнгө оруулалтын үржүүлэгч нөлөө Өмнөговьд гэхэд л ийм байх жишээний.
Монгол шиг байгалийн баялагтай, ирээдүйд хөгжих өндөр боломжтой улсууд олон бий. Тэднээс ялгарч өрсөлдөх нэг тал бидэнд бий. Оюу толгой шиг том хөрөнгө оруулалт шаардсан төслөө хөрөнгө оруулалтын үржүүлэгч нөлөөгөөр хэмжиж, бодитой үр дүнг нь тооцоод сурчихвал л Монгол уул уурхайн салбартаа түшиглээд хөгжилд хүрч чадна.
Ц.Баасансүрэн
Сэтгэгдэл (19)